Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.03.28 11:53
1334
Д.Үүрийнтуяа 500 мянгаар популизм хийснээрээ тодорч, ээжүүд горьдлого тээгээд л үлдлээ

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж буй.

Тэрбээр, “Цалинтай ээж” хөтөлбөр нь халамжийн бодлогоор явах ёсгүй. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын бодлого байх ёстой. Цалин гэж нэрлэж байгаа бол ядаж сард 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олгох нь зүйтэй юм хэмээн байр сууриа илэрхийлсэн нь нийгэмд дэмжлэг авч, ээжүүд цалинтай ээжийн гэх 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг шаардаж эхэллээ.

Тэгвэл уг асуудлаар бид нэр бүхий гишүүдээс болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулсан юм.

Л.Энх-Амгалан: Төсвийн орон зай бага байгаа учраас гурван жилийн хугацаанд сар тутамд 50 мянгаар авах уу, 0-6 сард нь буюу нярай үед нь 100-150 мянгаар өгөх үү гэх тооцооллоор ярихгүй бол сэтгэлийн хөөрлөөр 500 мянган төгрөг болгоно гэж тооцоололгүй мэдээлэл гаргаж болохгүй. Д.Үүрийнтуяа гишүүн “Цаашид цалинтай ээж гэдэг хөтөлбөрөөрөө хэрэгжих бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах хэрэгтэй” гэх санал санаачилгыг гаргаж байна гэж ойлгосон. Сард авч байгаа мөнгөө 36 сар авах уу, 6 сар авах уу, эсвэл 12 сар авах уу гэдэг зохицуулалт руу орох шаардлагатай байгаа юм гэсэн тайлбарыг өгч байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн зүгээс “Төсвийн боломж байхгүй. Бид халамжид зарцуулдаг мөнгө маш их. Ээжүүдэд өгч байгаа энэ мөнгө цалин биш учраас цалинтай ээж гэдэг нэрээ болих хэрэгтэй. Хуурч байгаа юм шиг цалин гэж мөнгө өгөхөөс илүү хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүдэд өрхийн үйлдвэрлэл явуулах, жижиг дунд үйлдвэрлэл явуулах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээж өгөх замаар бодлогын хувьд анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үнэхээр л загас бариад өгөх биш, барих аргыг нь заагаад өг гэдэг үг байдаг. Нөгөө талаасаа улсын төсөвт ийм хэмжээний боломж байхгүй нь үнэн. Харин төрсний дараа гурван жилд сар бүр өгдөг мөнгийг нэг удаа нийтэд нь өгөх гэх мэтээр өөр гаргалгаа, шийдэл байж болох талаар ярьж буй.

Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харахад Д.Үүрийнтуяа гишүүн ямар ч тооцоо, судалгаагүйгээр нийгмийн сэтгэлзүйг самарч, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл нь эргээд тус гэхээсээ илүү ус болж байна. Угаас улс төрчид үеийн үед олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татах, дэмжлэг авахын тулд хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө зэрэг дээр тоглолт хийдэг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Үнэхээр л энэ тогтолцоог өөрчилье гэж бодож байвал хууль эрх зүйн орчноо эргэж харах, төсвийн боломж дээр тулгуурлаж тооцоо, судалгаатайгаар ам ангайж байх шаардлагатайг харуулж байна.

Хүүхдээ гэртээ харж байгаа ээжүүдэд тусламж хэрэгтэй юу гэвэл, мэдээж тийм. Гэхдээ, үндсээр нь хараад үзвэл болж буй процессоос хожих нь ээжүүд биш, Д.Үүрийнуяа. Учиг нь ерөөс 500 мянга гэдэг тоо бол толгой сүүл холбоод хэлчихсэн үг нь болохоос, үнэхээр тийм болгох гэсэн ямар ч шийдэл яриагүйд байгаа юм. Тэр энэ үг, үйлдлээрээ бага ч болов оноо аваад популизм хийгээд үлдэх бол, ээжүүд горьдлого тээгээд л үлдэнэ.

Бас нэгэн өнцөг. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Хүүхдийн 100 мянган төгрөг авч байгаа нийт иргэдийн 40% нь хүүхдээ тэжээх ёстой атал хүүхдийнхээ мөнгөөр өөрсдийгөө тэжээж байгаа. Эдгээр хүмүүст 500 мянга төгрөг өгвөл жил дараалж төрөөд л, хүүхдээ асрамжийн газар аваачаад хаячдаг нөхдүүд бүр яах бол..." Хатуу ч гэлээ бас л бодох ёстой асуудал...

Хүн амын өсөлтөө нэмэгдүүлье, хүний амьдралын чанарыг дээшлүүлье гэвэл худал амлалт, хоосон үг биш хийж бүтээх боломжийг нь наанадаж хаалтгүйгээр гаргаж өгөх шаардлагатай. Цаанадаж, сургууль цэцэрлэгийн асуудлыг хүртээмжтэй болгох, амьдрах орчныг сайжруулах, орон сууцжуулах гээд хэтдээ хамгийн хэрэгтэй асуудлыг шийдэх ёстой.