2021 онд мансууруулах бодистой холбоотой хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлж Франц улсад очсон, Интерполын үндэсний төв товчооны хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь ХБНГУ-аас 2024 оны 11 сараас хойш удаа дараа Монгол улс руу мансууруулах бодис илгээж гэмт хэрэг үйлдэж байсныг Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газрын мөнгө угаах, хар тамхитай тэмцэх газартай хамтран илрүүлжээ. Мөн Монголд хүлээж авдаг хоёр гэмт этгээдийг саатуулсан байна.
Саатуулах үед 840 грамм “гашиш” гэх хэрэглээний нэршилтэй бодисыг хураан авсан байна. Уг бодис нь 3500 орчим хүний нэг удаагийн хэрэглээ аж.
Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибол нэртэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа хэмээн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээллээ.
Мөн тэрээр Монгол улсын иргэд гадны улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэж байгааг дурдсан юм. Тодруулбал, БНСУ-д сурдаг хоёр оюутан мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр саатуулагдаж 3.6 болон 1.6 жилийн ялыг тус тус авсан.
Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нэг иргэн баригдан шалгагдаж байгаа бол Вьетнам улсад зорчих явцдаа манай улсын дөрвөн иргэн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан хэмээн саатуулагдсан. Үүнээс гурван иргэн хэрэглэсэн хэмээн шийтгэл хүлээсэн бол нэг иргэн хадгалсан гэх үндэслэлээр шүүхээр орохоор хүлээгдэж байна.
БНХАУ-д 37 иргэн олон жилийн хорих ялаар шийтгүүлж, ял шийтгэл эдэлж байгаа бол ОХУ-д нэг иргэн, Хонконгод тээвэрлэж байхдаа баригдсан зэрэг 10 гаран улсад манай улсын иргэд шалгагдаж байгаа гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: