Энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан анхан шатны шүүхээс түүнийг авлига өгсөн гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноосон ч С.Гал-Эрдэнэ давж заалдах хүсэлт гаргаснаар өчигдөр /2025.03.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр орсноор хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
С.Гал-Эрдэнэ нь 2021 онд Л.Наранбаатартай хамтран эзэмшдэг “Жи ар капитал логистик” ХХК-аа төлөөлж, БНХАУ-ын нэр бүхий компанид 10 мянган тн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөр болох 830 мянган ам.долларыг урьдчилаад 100 хувь авсан байдаг. Гэрээний хүрээнд 6600 тонн төмрийн хүдэр нийлүүлсэн ч 3300 гаруй тонныг нь одоог хүртэл нийлүүлээгүй ч ямар нэг хариуцлага хүлээгээгүй байна.
Мөн Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн хэрэг С.Гал-Эрдэний оффист бас болсон байдаг.
Гэхдээ авлига өгсөн хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой юм. Тэрээр 2023 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж эхэлсэн бөгөөд хэргээ хаалгах гэж алба хаагчийн данс руу мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон байдаг. Гэвч эцэст нь хариуцлагаас мултарлаа.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон нь шүүхээр тогтоогдож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9.1.5-д /гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол/ зааснаар бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болох ёстой. Гэвч Д.Цогтбаатар шүүхээс оноосон ялыг хойшлуулах хүсэлт гаргаснаар дэмжигчдийнхээ ч урмыг хугалаад авсан. Уг нь өөрөө албаа эгүүлэн өгсөн бол түүнд саналаа өгсөн хангайн бүсийн 56 мянган иргэн уучилж, дараагийн удаа түүнд дахин боломж олгох ч байсан юм билүү.
Хохирогч нь гомдлоо татаагүй байхад хүчээр хаалгадаг, зориуд сунжруулж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлгүй ял завшдаг энэ мэт үйлдэл манай нийгэмд ердийн үзэгдэл болж, бид ч дасаж, дөжирчээ.
Их Британий Лейборист намаас парламентад нэр дэвшин, сонгогдсон Майк Эймсбери нь танхайрсан хэргээр шүүхээс 10 долоо хоногийн хорих ял авсныхаа дараа өөрөө өргөдөл өгөн, огцорсон саяханы жишээ бий. Хэрэв Майк Эймсбери өөрөө өргөдөл өгөөгүй бол тойргийнх нь сонгогчид гарын үсэг цуглуулаад, түүнийг огцруулах хүсэлтээ парламентад өгөх нөхцөл байдал бүрдсэн учраас улс төрчийн хувьд түрүүлж нүүдэл хийсэн байгаа юм. Учир нь тус улсын иргэд хариуцлагагүй, ёс зүйгүй, хууль бус хэрэгт нэр холбогдсон гишүүдээ эгүүлэн татах эрхтэй байдаг.
Түүнчлэн АНУ-ын зарим муж, БНСУ, Тайвань, Кени, Венесуэль зэрэг улсад сонгогчдын 10-30 хүртэл хувь нь гарын үсэг зурж, нэгдсэн тохиололд тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг парламент нь хэлэлцэн шийдвэрлэх хууль үйлчилдэг.
Ихэнх оронд шүүхийн шийдвэр болон Ёс зүйн хорооны дүгнэлтээр гишүүнийг огцруулах боломжтой байдаг. Харин манайд иймэрхүү зохицуулалт сул учраас хууль тогтоогчид нь “бүрэн эрх”-дээ дулдуйдан, хуулийн хамгаалалт дор хуйвалдан, бизнесээ цэцэглүүлж, бусдын гар хөл болж байдаг. Дээд, дунд, доод бүх шатандаа хариуцлага, сахилга бат гэж үгүй, энэ улс.