ХААН Банк сүүний үйлдвэрлэл, кластерийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, “АПУ Дэйри” ХХК-тай хамтын түншлэлийн санамж бичиг байгууллаа.
Шинэ хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулах, орчин үеийн тоног төхөөрөмжүүд нэвтрүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд талууд хамтран ажиллах бөгөөд нөгөө талаас малчид, хоршоодын орлогыг сайжруулахад чухал ач холбогдолтой алхам болж байна.
Мөн нэг онцлох зүйл нь сүүний өндөр гарцтай "Хар тарлан" үүлдрийн үнээг Монголд нутагшуулахын зэрэгцээ шаардлагатай санхүүжилт, татварын бодлогын уян хатан нөхцөл бүрдүүлэх зэрэг асуудлыг энэхүү санамж бичигт тусгасан явдал юм.
Санамж бичиг үзэглэх ёслолын арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж “Төв суурин газрын хүн амын өсөлттэй уялдан сүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах шаардлага эрс нэмэгдэж байна. Уламжлалт мал аж ахуй энэ хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул газар тариалан, тэжээлийн баазтай уялдсан эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь зайлшгүй юм. Одоогоор Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор хангаж байгаа нь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээг улам тодотгож байна” гэлээ.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Бид сүүний үйлдвэрлэл, санхүүжилтийн тогтолцоо хэрхэн уялдаатай ажилладаг загвартай танилцаж, туршлага судлах зорилгоор Исланд, Швед улс, Өвөр Монголд очоод ирсэн. Үүний үндсэн дээр дотоодын нөхцөлд нийцсэн, үйлдвэрлэгчид, сүүний кластер, фермерүүд, тэжээл үйлдвэрлэгчдийн уялдаа холбоонд суурилсан бодлого, тогтолцоог боловсруулсан. ХААН Банк орон нутгийн тооцооны төвүүдийн ажилтнуудаа энэ чиглэлээр мэргэшүүлж, фермерүүдэд бизнесийн зөвлөгөө, сургалт өгөх замаар урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа таатай байна” хэмээн онцоллоо.
ХААН Банкны хувьд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд малчид, фермерүүд рүү чиглэсэн дараах бодит ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
Төр, хувийн хэвшил болон олон улсын шилдэг туршлагыг нэгтгэсэн тус хамтын ажиллагаа нь сүүний салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргаж, иргэдийг чанартай, дотоодын үйлдвэрлэлийн сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, хөдөө орон нутгийн эдийн засгийг тэлэх өргөн боломжийг нээж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк