m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2025.03.28 14:52
632
С.Цэнгүүн: Хамтарсан засгийн үед эхлүүлсэн ажлуудаа бид дуусгах ёстой

Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний байр суурийг тодрууллаа

Эрчим хүчний салбарт реформ хийнэ гэсээр хагас жил өнгөрлөө. Бодитой ахиц, дэвшил гэвэл та юуг нэрлэх вэ?

Төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулахын тулд бүтцийг нь задалж, хувийн хэвшлийн болон олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгох ёстой гэсэн бодлого АН баримталж байгаа.

Эрчим хүчний салбарт шинэчлэл хийж эхэлснээр өнөөдрийн байдлаар гаднаас нэлээд хөрөнгө оруулалт татаж байна. Энэ салбар өөрөө дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа юм. Ирэх саруудад ч гэсэн сайн мэдээнүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гишүүний албаасаа огцрохгүй байгааг та хууль тогтоогчийн хувьд юу гэж дүгнэж байна?

Энэ талаар надад нарийн мэдээлэл байхгүй учраас тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Бүлэг нэгдсэн шийдвэрээ гаргах байх.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд та хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

Хамтарсан засаг байгуулагдсанаар олон жил гацсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Өчигдөр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг УИХ-аас дэмжлэг авлаа. Ураны гэрээ хийгдсэн нь бас сайн үр дүн. Үүн дотор эрчим хүчний реформ хамт явагдаж байгаа. Эрчим хүчний реформ дээр би өөрөө тулж ажиллаж байгаагийн хувьд хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг бид дуусгах ёстой гэж үзэж байгаа. Одоо бид “эрчим хүчний реформ чухал” гээд яриад байж болохгүй. Яг деталь руугаа орж, хийх ажлуудаа маш тодорхой болгох хэрэгтэй байна.

Гурван нам хамтарсан гэдэг утгаараа үзэл баримтлалын ялгаанууд гарч байгаа тал бас бий. Төрийн өмчит компаниудыг задлах тухай ярьж байна. Ялангуяа, Ардчилсан нам төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулахын тулд бүтцийг нь задалж, хувийн хэвшлийн болон олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудыг “Эрчист монгол” гэсэн малгайн дор нэгтгэх яриа явагдаад байгаа. Салбарын мэргэжилтний хувьд энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Олон талын байр суурь бий. Хуулийн төсөл боловсруулах шатанд явж байгаа учраас сайжруулах өөрчлөлтүүд нэлээд орох байх. Ерөнхийдөө менежмэнтийг сайжруулах зорилготой. Тэгэхээр аль нь манай улсад илүү үр өгөөжтэй байх вэ, тэр талд нь шийдвэрээ гаргаад явна гэж бодож байна.

Стратегийн ач холбогдолтой ордуудын 34-51 хувийг төр эзэмших хэлцлүүд хийгдэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад маш тодорхойгүй нөхцөл байдал үүсгэчихэж байгаа. Энэ тал дээр Б.Уянга гишүүн маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Би энэ салбарын хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд бид хөрөнгө оруулагчдыг түлхсэн шийдвэр гаргаж болохгүй. Дээрээс нь хувь хүн болон компаний өмч хөрөнгөд халдаж болохгүй. Нэгэнт хэрэгжээд эхэлсэн төслийн дундуур гэнэтийн шийдвэр гаргаад байж болохгүй.