Египетийн Улаан тэнгис дахь Хургада амралтын газраас холгүй усанд Оросын 40 гаруй жуулчинг суулгаад далайн гүн рүү шумбаж шүрэн арал үзүүлэх гэж байсан шумбагч хөлөг усан доорх хясаа мөргөн осолдож хөлөг рүү ус орж эхэлжээ. Оросын консулын газраас мэдээлж буйгаар, ослын улмаас зургаан хүн амь насаа алджээ. Ихэнх зорчигчийг аварч чадсан байна. Өдөр тутмын шумбалтаа хийж далайн ёроолын шүрэн арал үзүүлэх гэж байсан “Синдбад” хэмээн шумбагч хөлгийн аюулгүй байдал тун муу, аврагч хантааз нь хуучирч урагдсан байсан, зорчигчдийн бүртгэл, нэрс байхгүй, тасалбар авсан хүнийг шууд оруулж байсан хэмээн гэрчүүд ярьж байна. Арав гаруй хүн гэмтэж бэртжээ. Хоёр хүн сураггүй алга болсон хэмээн мэдээлэв. Энэ ослын улмаас Хургада дахь шумбагч хөлгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.