Мьянмар улсад 7.3, 6.4 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдлөжээ. Газар хөдлөлтийн төв нь Мандалай хотоос баруун өмнө зүгт 33 км-т бүртгэгджээ. Чичирхийлэл хөрш Тайланд, Хятадын Юннан сужид хүчтэй мэдрэгдэж өндөр барилгуудаас иргэдийг яаралтай гаргаж байна. Бангкок хотод өндөр барилга нурж, нурангиас хүмүүсийг аврах ажиллагааг эхлүүлжээ. Мьянмарт 2021 онд цэргийнхэн эрх мэдэлд гарснаас хойш Засгийн газар нь бүх телевиз, хэвлэлийг хянаж, интернэт хязгаарлагдмал болсон тул хохирлын талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна.