Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.03.28 19:36
1392
Хэл ам дагуулаад буй төсөлд хамрагдсан сургуулиуд хөтөлбөрийн үр дүнг эерэгээр үнэлж байна

Боловсролын сайд П.Наранбаярын тушаалаар хэрэгжүүлж байгаа “Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн гүйцэтгэгчээр “Шинэ Монгол” сургууль ажиллаж байгаад УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа шүүмжлэлтэй хандаж, “Өмнө нь өөрийн ажиллаж байсан сургуульд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Олон нийтийн дунд ч энэ сэдвээр маргаан өрнөж буй.

П.Наранбаяр сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Энэ хичээлийн жилийн эхэнд нийт 400 орчим сургууль төсөлд хамрагдах хүсэлтээ өгснөөс 120 сургуулийг сонгож, хөтөлбөрт хамруулсан. Сургалтын төлбөрийг сургуулиуд өөрсдийн урсгал зардлаас гаргаж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Масс.мн сайт уг төсөлд хамрагдаж буй 120 сургуулийн нэг, Нийслэлийн 26 дугаар сургуулийн Сургалтын менежер Э.Болорцэцэгтэй холбогдон, төсөлд хамрагдсанаар гарч байгаа үр дүнг сонирхлоо.

Э.БОЛОРЦЭЦЭГ: Манай сургууль гэрийн даалгавраа сайн хийсэн гээд туршлагаа бусад сургуульд түгээж байгаа

Төсөлд хамрагдсанаар танай сургуулийн удирдлагын баг болон багш нар, сурагчдад яг ямар өөрчлөлт гарч байгаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Энэ төсөлд хамрагдсанаар нэгдүгээрт, удирдлагын менежмэнт сайжирсан. Удирдагч хүн хэрхэн манлайлал үзүүлэх вэ, захирал, менежерүүд ажил үүргээ хэрхэн хуваарилах вэ гэдгийг маш нарийвчлалтайгаар зааж өгдөг юм байна.  Ингээд ирэхээр багийн хамтын ажиллагаа ч сайжирч байгаа юм.

Долоо хоног бүрийн сургалтад менежментийн багаараа бүрэн хамрагдаж, гэрийн даалгавруудыг тухай бүрд нь  чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Үүний тулд эхлээд сургууль дээрээ тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцээд, засаж сайжруулах арга замаа тодорхойлдог.  Тогтмол хийдэг ажлуудаа хэрхэн шинэлэг, сонирхолтой байдлаар зохион байгуулах вэ гэдгээ тусгаад, нэмэлт ажлууд оруулаад төлөвлөлтөө төслийн багийнханд илгээдэг. Ер нь энэ төслийг зохион байгуулж байгаа багийнхан эргэх холбоо маш сайтай ажилладаг юм билээ. Гэрийн даалгаврыг чанартай хийсний үр дүнд бусад хамтран суралцаж байгаа сургуулиудад дөрвөн удаа туршлагаа хуваалцсан байна. Бид бас төсөлд өмнө нь хамрагдсан сургуулиудын үр дүн, туршлагаас суралцаж байгаа. Энэ бүхний үр дүнд манай менежмэнтийн баг хамт олноо чиглүүлж, урамшуулж, үлгэрлэн ажиллаж байна.

Хоёрдугаарт, багш нарын маань заах арга зүй хөгжиж, шинэчлэгдэж байна.  Үр дүнд нь сургалтын чанар сайжирч, суралцагчдын мэдлэг, ур чадварт мэдэгдэхүйц ахиц гарч,  амжилт дээшилж байна. Багшийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр дэвшил гарч байна. Тухайлбал, өмнө нь нэг багш ганцаараа 30 хүүхэдтэй тулж ажилладаг байсан бол одоо үеийн багаараа сурагчдын төлөвшил, хандлага, авьяасыг хөгжүүлэх, сурлагын чанарыг дээшлүүлэх тал дээр хамтран ажилладаг болсон. Ингэснээр багшийн ачаалал багасаж байна.

Гуравдугаарт, сурагчдын харилцаа хандлага, төлөвшил мэндлэх, хүндлэхээс эхлэн уур амьсгал эерэг болж, багш, сурагчдын харилцаа сайжирч байна. Өмнө нь төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан зарим асуудал чухал болон хувирч байна. Тухайлбал, хүүхдийн авъяас сонирхол, хүсэл мөрөөдлийг танин мэдэх ёстой юм байна, түүнд нь тохирсон хичээл сургалт, дугуйлангуудыг хичээллүүлэх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрч "Нэг багш-Нэг сургалт" хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн сурагч, багшаас гадна эцэг, эхийн оролцоог идэвхжүүлж, хамтын шийдвэр гаргадаг болсон. Эцэг эх буюу асран хамгаалагч, багш, сурагчдын дунд “Гурвалсан уулзалт” зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Энэ уулзалтаар хүүхдүүдийнхээ амжилтыг ээж, аавд нь танилцуулж, цаашид улам сайжруулах төлөвлөгөөг хамтран гаргасан. Сургалтын орчин маань тав тухтай, аюулгүй бүс болж байна.

Эдгээр үр дүн нь сургуулийн менежмент сайжирч, эцсийн дүндээ боловсролын чанар, хүртээмж дээшлэхэд хүргэж байна.

Сургуулийн менежмэнтийг сайжруулах энэхүү хөтөлбөрийг энэ жил анх удаа хэрэгжүүлж байгаа юм биш. 2020 онд буюу Л.Энх-Амгалан сайдын үед эхэлсэн байдаг. Тэгэхээр одоогийн сайд П.Наранбаяраас өмнө “Шинэ Монгол” сургууль сонгогдсон байх нь. Тухайн үед хамрагдсан сургуулиудын нэг, Сүхбаатар аймгийн 2 дугаар сургуулийн захирал П.Батчулуунтай холбогдлоо.

 С.БАТЧУЛУУН: Бидний хийх ажил хүүхдэд ямар ашигтай вэ гэдгийг хамгийн түрүүнд хардаг болсон

Сургуулийн менежмэнтийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхний жилд хамрагдсан сургуулиудын нэг нь танайх юм байна.  Түүнээс хойш яг ямар бодитой үр дүн гарсан бэ?

Энэ төсөлд 2020 онд анх хамрагдсан. “Шинэ монгол” сургуулийн 20 жилийн ноу хаугаас суралцаж байгаа. Энэ хугацаанд байгууллага хамт олноороо менежмэнт гэж юу болох талаар нэгдсэн ойлголттой болсон. Багш нар маань хамтран ажиллаж, ахмад болон залуу багш нар бие биеийнхээ давуу талаас суралцаж байна. Сурагчид маань ч бас өмнө нь зөвхөн анги дотроо багт хуваагдан, багийн ажил гүйцэтгэдэг байсан бол одоо үе дотроо баг болж, илүү олон хүүхдээс суралцаж, нөхөрлөл, хүрээллээ тэлж байна.

Өмнө нь сургуулийн удирдлагууд хоорондоо ярилцаад ажлаа төлөвлөдөг байсан бол одоо төлөвлөлтүүд дороосоо гарч ирдэг болсон. Түүнийг нь бүгдээрээ хэлэлцэж шийдээд, төлөвлөгөөний дагуу зангидсан гар шиг хамтран ажиллаж байна. Ямар нэг ажлыг эхлүүлэхдээ өмнө нь тэр чиглэлээр хийсэн ажлууд дээрээ судалгаа хийж, алдаа, оноогоо дүгнэж байж, илүү сайжруулахыг эрмэлздэг болсон.

Хамгийн чухал нь хийж байгаа ажил бүрээ хүүхдэд ямар ашигтай вэ гэдгийг эхэлж хардаг болсон.  Мөн багшид ямар хэрэгтэй вэ гэдгийг харна. Үнэхээр сурагчдад болон багшид өгөөжтэй гэж тооцвол тухайн ажлыг хийнэ гэсэн үг.

Өмнө нь бид ажлаа 7 хоног, сар, улирлаар төлөвлөөд өмнөө баахан цаас овоолчихдог байсан. Тэр их цаасны үр дүнг тооцоход хэцүү, үр дүн нь хэнд чиглэсэн нь тодорхойгүй байдаг байлаа. Одоо бол хийж байгаа ажлынхаа үр дүнг эхэлж заавал тооцож байж, тэр үр дүнг эрэмбэлвэл хүүхэд нэгдүгээрт байхаар тооцоолж ажлаа явуулдаг болсон. Сурагч болон багшид тодорхой өгөөжгүй бол тэр ажлыг явуулахгүй гэсэн үг.

Үр дүнг сурагчдын амжилтаар дүгнээч гэвэл?

Сүүлийн хоёр жил манай сургуулийн ЭЕШ-ын дундаж оноо 560-аас 565 оноогоор аймагтаа тэргүүлсэн. Хоёр жил дараалан математикийн хичээлээр тус тус хоёр хүүхэд 800 оноо авсан. Зөвхөн 2024 онд гэхэд олимпиадуудад 9 сурагч аймагтаа алтан медаль хүртсэн байна.

Сурагчдын маань хувийн амжилт гэвэл өнгөрөгч онд шатраар Ц.Анударь “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Теаквондогоор улс болон олон улсын тэмцээнээс хоёр сурагч алт, мөнгө авсан. Мөн боксоор лон сурагч улсын болон олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медалиуд хүртсэн. Гэх мэтчилэн дурдвал олон амжилт бий гэлээ.

Дээрх хоёр сургуулийн удирдлагын өгсөн мэдээллээс үзэхэд Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Сургуулийн менежмэнтийг сайжруулах” хөтөлбөрийн үр дүнд сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эхийн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарч байна гэсэн дүр зураг харагдлаа.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлт өгсөн 400 ЕБС-аас долоо хоног тутмын үйл ажиллагаанд тогтмол, тууштай оролцож чадах эсэх, дотроосоо өөрчлөгдөх хүсэлтэй эсэх, зохион байгуулалтаа уян хатан өөрчилж, багш нараа нэгтгэн ажиллах боломжтой эсэх, туршлагаа бусадтай нээлттэй хуваалцах эсэх гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгосон гэдгийг албаны эх сурвалж мөн хэлсэн юм.