Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаярын мэдээлснээр: “Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор тус халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй бөгөөд лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна” гэв.
Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна.
Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна.
Өвчлөл 2 дугаар сараас 4 дүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөн нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байна.