m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 04:02
963
Б.Тамир: Бүх бурхад тэнгэрээс газарт бууж байгаа үйл явцад оролцсон хүн ариусдаг

“Номт гурван орон”-ы нэг хэмээн нэршсэн Монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол жил бүр манайд уламжлал болдог билээ. “Цам”-ын зан үйл нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал, монгол зан үйлийг шингээсэн монголчуудын шашин соёлын нэгэн чухал нандин өв болтлоо хөгжин дэлгэрч чадсан гэдэг. Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм. Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг. Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Бид энэ удаагийн “Mass зочин” буландаа Цам харайгч, барималч Б.Тамирыг урьж ярилцлаа.

-Урьд нь “Цам харайх” ёслолыг  хэд хэдэн удаа үзэж байсан. Учир утгыг нь тэр бүрчлэн сайн мэддэггүй. Цам харайх гэж энгийнээр уншигчдад ойлгуулбал ?

-Манайхан ихэвчлэн  Цамын тоглолт болж байна гэдэг. Үнэн хэрэгтээ бол энэ нь цамын бүжиг юм. Цамын бүжиг гэдгийг энгийнээр хэлэхэд бурхан шашины их бүжгэн жүжиг гэж ойлгож болно. Бурхад газарт буун бүжиглүүлж байгаа хэрэг юм. Цам  дотроо хэд хэдэн янз. Майдарын цам, Тахилын цам, Жахар цам гээд олон янзын цам байдаг.

- Хэзээнээс эхлэн цам харайх болсон бэ, ямар мэргэжилтэй вэ?

- Би цамын урлалаар дагнасан “Мандала” төвийн барималч хүн. Нийтдээ 20-иад жил дан цамын баг урласан. Харин арав гаруй жил цагаан өвгөний өмсгөлийг өмсөж бүжиглэж байна.

-Цамчинг шалгаж авахад өндөр шалгууртай байдаг гэж сонсон. Энэ шалгуурын талаар ?

-Жил нь таарсан, нохой болон мэсийн сорвигүй, шивээс хийлгээгүй, эрүүл чийрэг биетэй сахил хүртсэн эрэгтэй хүн цамчин байх ёстой аж. Дүр бүрийн онцлогоос хамаарч цоглог хурц шаламгай эсвэл ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй хүнийг цамд тоглуулахаар сонгохдоо монголчуудын хүн шинждэг шалгуурт тулгуурлан ихэд нягт нямбай шалгаж авдаг юм билээ. Эхлээд Гашиг авах ёстой бөгөөд хувцасаа өмсөхдөө өөрийгөө рашаанаар ариусгаж байж өмсдөг.Цамын бүжиг эхлэхээс гурав хоногийн өмнө өөрийгөө бэлтгэж цагаан хоол идэж, биеэ ариусгадаг. Цамын бүжигт өмсөх хувцас хэрэглэгдэхүүн нь тус тусдаа зан үйлийг илэрхийлсэн байдаг.

- Бурхан шашинтай болоод цам харайгч болоход нөлөөлсөн хүчин зүйл байдаг уу?

- Манай “Мандала” төвийн тэргүүн С.Батбаяр ах маань байгаа юм. Ах маань мартагдаж буй зүйлийг сэргээх зорилгтой байсан. Ингээд би ч гэсэн энэ төсөлд нь оролцож эхэлсэн. 20 гаруй жил судалгаа хийж, Хүрээ 108 цамыг бүтээсэн дээ. Эхний арван жил баг, хэрэгсэл, өмсгөлөө хийхэд судалсан бол дараагийн 10 гаруй жил нь хийж урлах ажил өрнөсөн. Хүрээ цам бол маш алдартай цам.

- Хүрээ цам дээр ямар ямар бурхад бүждэг вэ?

- Эрлэг номун хаан болох Дамдинчойжоо, Цагаан өвгөн, Улаан жамсран, Баян намсрай, Хангарьд, Гомбо гэх мэт 108 баг бүхий дүрүүд гардаг. Мөн ардын дунд тархсан домог түүхтэй холбоотой амьтад болох жигүүртний хаан Хангарьд, араатны хаан Арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдыг дүрсэлсэн эерэг болон сөрөг дүрүүд бүждэг. Манай дацан шинчлэн цагаан, хөх, шар гээд гурван өвгөнтэй бүждэг. Анх Эрдэнэзуу хийдээс 1786 онд цагаан, хөх, шар өвгөнийг бүжиглүүлж байсан гэдэг. Цагаан өвгөн нь европ, хөх нь өнгөт арьстан, шар нь ази буюу монголчуудыг төлөөлүүлж байдаг. Энэ нь таван тивийн гурван өөр арьстай хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршихыг бэлгэдсэн зан үйлийн эзэн юм. Бурхадуудыг өөр хооронд ялгагдахаар дүрээр бүтээсэн нь онцлогтой.

-Шашны энэхүү бүжиг юуг  илэрхийлсэн байдаг вэ?

- Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл юм. Тийм үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах увидас шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Цам  жирийн нэг бүжиг наадам биш, баг өмсгөл чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууц тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг. Ер нь бол энгийнээр хэлбэл, бурхад газарт заларч чуулж байгааг илэрхийлсэн шашны зан үйл юм. Түүнчлэн муу муухай зүйлсийг галт шатаан зайлуулж байна гэсэн үг.

-Цам харайж байх явцад таны буюу цагаан өвгөний үүрэг, юуг илэрхийлдэг вэ?

- Цагаан өвгөн,  хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Цагаан өвгөний баг инээмсэглэж буй төрхтэй, урт цагаан сахалтай, цагаан өнгөтэй монгол дээлтэй, бүсэндээ хэт хутга тамхины даалин хавчуулсан, луутай тааяг тулсан энэ дүр инээдмийн дүрийг уран хошин гаргаж чадсан хосгүй оргил бүтээлийн нэг гэддэг. Урт нас удаан жаргал, энхийг бэлэгддэг. Бүжгийн дэг цаанаасаа тогдсон байдаг.

- Өвгөний багийг хэрхэн хийдэг вэ?

-Цаасыг шууж хийдэг. Цаасан шуумал бөгөөд дотроо хүний толгой байрлах зөөлөвчтэй хийдэг. Цагаан өвгөний сахлыг сэтэртэй морины дэл, сарлагийн сүүлээр хийдэг. Цамын хувцас хэрэгсэлийг нийтээр нь хийдэг уламжлалтай.

-Цам харайдаг болсноосоо хойш хичнээн цамын бүжигт оролцоод байна вэ?

-Одоогийн байдлаар 20 гаруй удаа бүжсэн байна. Манайх их, бага гэсэн цам гардаг. Бага цамаараа бол 20 гаруй харин их цамаар бол дөрвөн удаа гарсан. Бүрэн бүрэлдэхүүн болох 108 багаар гарахыг Их цам гэдэг юм.

-Цамын ёслолд ирж буй сүсэгтэн олон сэтгэлээ болоод биеэ хэрхэн бэлдэж ирэх учиртай бэ?

-Бүх бурхад тэнгэрээс газарт бууж байгаа үйл явцад оролцсон хүн ариусдаг гэдэг. Цам бүжих үйлийг үзэж сүсэглэснээр Чойжоодүгжүг номыг буман удаа уншуулсантай тэнцэх хэмжээний буян ирдэг. Шашны талаас цам бүжгийн үйлдэл үзсэнээр дээд төрөл олдог аж. Өөрөөр хэлбэл, экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед лус савдгийг аргадсанаараа эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Дээрээс нь тэр жилийнхээ заслыг хийлгэж, мартагдсан зүйлийг сэргээж, түүний гэрч болж үлдэх боломж бүрддэг.