Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.03.31 15:45
763
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 3 дугаар хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 3 дугаар хурал боллоо.

Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, гишүүдээр яам, агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар, бусад албан тушаалтнууд ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай ” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах юм.

Өнөөдрийн хурлаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдсон зээлийн хэмжээ, гарсан үр дүн, үр нөлөө, цаашид тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв, санхүүжилтийн төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ:

  • "Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөний хүрээнд олгогдсон зээлийн хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан үр дүн, үр нөлөө
  • "Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөний хүрээнд олгогдсон зээлийн хэмжээ, гарсан үр дүн, үр нөлөө
  • УИХ-ын "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөв, санхүүжилт, гүйцэтгэл
  • Хүнсний хангамжийн статистик мэдээлэл, хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтүүд

Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир

Хүнсний хувьсгал хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд Зээлийн батлан даалтын сан 33 тэрбум төгрөгийн зээлд 22 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, зээлүүд хэвийн төлөлттэй байна. Цаашид арилжааны банкаар зээлийн хүсэлт өгсөн хүнс үйлдвэрлэлийн аж ахуй нэгжүүдэд нэг удаадаа хоёр тэрбум хүртэлх зээлийг олгохоор ажиллаж байна. Ингэснээр зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид бус нийт баялаг бүтээгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, өргөн хүрээнд үйлчлэх боломжтой юм.

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр

Мөн Сангийн яамнаас 36-р тогтоолын хүрээнд 2023-2024 онд 3,119 зээлдэгчид 149.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэгийг газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгосон байна. Үүнээс 2024 онд 92.4 тэрбумыг олгосон.

  • Газар тариалангийн чиглэлээр 2,254 зээлдэгчид 50.8 тэрбум,
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 700 зээлдэгчид 17.2 тэрбум,
  • МАА-н чиглэлээр 165 зээлдэгчид 81.3 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.