Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хууль бусаар хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураах санаачилгыг гаргасан. Энэхүү санаачилгад талууд тус тусын байр сууриа илэрхийлсээр байна. Харин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байсан хөрөнгөө тайлбарлаж чадахгүй л бол хураалгах ёстой. Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ" гэсэн юм.
Харин сүүлийн үед өндрийг аваад байгаа "Төгрөг нуур"- ын асуудалд "ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ярьсан Х.Баттулга гишүүнд долоо хоног өгсөн гэх талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Засгийн газрын хуралдаанаар ийм зүйл яриагүй гэдгийг би албан ёсоор хэлье. Би мэдэхгүй зүйлээ ярьдаггүй зарчимтай хүн. Хууль бус зүйл байвал хуулийн дагуу шийдэгдээд явна. Зарим хүмүүс шүүх эцэслэн шийдээгүй байхад Засгийн газар хууль зөрчиж байна гэжээ. Хүүхэд халуурахаар гараа тавьж үзээд харуулж байна шүү гэж мэддэг болохоос биш заавал эмчид үзүүлж, mri зураг авхуулж байж халуурч байна гэдэггүй.
УИХ-аар хэлэлцүүл гээд 2007 оны тогтоол гарсан байхад УИХ-аар хэлэлцүүлээгүй. Энд шүүхийн шийдвэр хэрэггүй.
Ажлын хэсгээс хууль зөрчсөн байна гэж үзсэн. Би энэ байр суурь дээр хатуу байгаа. Тийм ч учраас УИХ-руу оруулах гэж байгаа. Өргөн бариагүй, дөнгөж нэг дүгнэлт гараад материалыг нь УИХ-руу хүргэснээс хойш энэ асуудлыг тойроод ямар их үйл явдал болж байгааг та бүхэн харж байгаа байх. Үүний цаана ямар их эрх ашиг, мөнгө байна гэдгийг харж болно. Гэхдээ би зорилгоосоо алхам ч ухрахгүй.
Бид хэлцэл хийж тохирох гэсэн тогтоолын төслийг оруулж байгаа. Хэлцэл хийх эрхээ олж аваад тухайн компанитай хэлэлцээрт оръё л гэж байгаа юм. Түүнээс биш хэдэн хувь авна, орд газрыг нь авна гэж огт яриагүй. УИХ-аас эрхийг нь өгвөл цаашид яах вэ гэдэг саналаа гаргаж хэлэлцэнэ. Төр засаг дээрэмчин биш гэхдээ Засгийн газарт Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Хуулийг сахин биелүүлнэ гэдэг Засгийн газрын хамгийн том үүрэг. Тэгээд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнана. Энэ үүргийнхээ дагуу тогтоолын төслийг санаачилсан. Ярилцаж эхлээгүй байхад өрнөл нь их сонирхолтой болж байна. Цаашдаа ч бужигнах байх" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: