“MCS” групп 2024 оны сонгуулиар ХҮН намд нэг тэрбум 45 сая төгрөгийн хандив өгсөн гэх мэдээлэл үнэн гэдгийг тус намын дарга Т.Доржханд өөрийн амаар хүлээн зөвшөөрлөө. Тус намын дансанд нийт нэг тэрбум 95 сая төгрөгийн хандив орсны дийлэнх нь нэг компаниас орсон байгаа нь нхаарал татаж байгаа юм. Тэрээр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "MCS манай намд хандив өгсөн нь үнэн. Бүх л намд өгсөн юм билээ. Манай нам улс төрийн институцийн хувьд хэн нэгнээс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн намд хандив өгдөг байх ёстой. Тэгэхгүй бол мэргэжлийн судлаач, эрдэмтэд улс төрд орж ирж чадахгүй” гэсэн тайлбар хийв.
Улс төрийн намын тухай хуулийн 33.7-д “Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сарын 1-ний өдрөөс 792 мянган төгрөг болсон ч түүнээс өмнө 660 мянган төгрөг байсан. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үед мөн хамаарна. Тэгэхээр хуулийн этгээдээс улс төрийн намд өгөх хандивын дээд хэмжээ 33 орчим сая төгрөг гэсэн үг. Мөн дээрх хуулийн 33.8-д “Хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, хуулийн этгээдийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцно.” гэж заасан байгаа. Энэ зохицуулалтаар “MCS” группийн охин компаниудын хандивын дүн 33 сая төгрөгөөс хэтрэх ёсгүй гэсэн үг. Гэтэл хуулиар зөвшөөрснөөс 31.6 дахин их санхүүжилтийг ХҮН намд өгсөн байгаа юм. Хууль зөрчсөн энэ үйлдлийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй, ХҮН нам, түүний дарга Т.Доржханд ч буцаалт хийсэнгүй.
Хэн мөнгөө өгсөн нь хөгжмөө захиалдгийн үлгэрээр Т.Доржханд “MCS” группийн эрх ашгийн төлөө дуугарсан нь нэг бус. Өчигдөр /2025.04.04/ мэдээлэл хийхдээ ч мөн “Стратегийн орд гэж дэлхийд байдаггүй юм” гэж хэлээд авсан нь хувийн хэвшлийн эзэмшиж буй стратегийн ордуудад төр хувь эзэмших асуудал сөхөгдөж буй энэ цаг үед эзэндээ үнэнчээ нотлон харуулах гэсэн мэт.
2024 оны УИХ-ын сонгуульд ХУД-ийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Бат-Эрдэнийн дансанд нэгэн иргэн 20 мянган төгрөг хандивласныг анзааралгүй, тайландаа тусгаагүйн улмаас Зөрчлийн хуулиар 10 сая төгрөгний торгууль ногдуулсан. Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Пүрэвсүрэнгийн дансанд нэгэн иргэн 100 мянган төгрөгийн хандив хийхдээ тухайн мөнгөний эх үүвсэрийг бичээгүй тул буцаалт хийгээгүй гэдэг үндэслэлээр мөн 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ мэт сонгуульд оролцсон санхүүгийн тайлангаа хугацаанаас нь хоцроосон эсвэл зөрчилтэй гүйлгээг буцаалт хийгээгүй гэх шалтгаанаар “жижиг” намуудаас нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдэд торгууль оноож, төрийн “төмөр нүүр”-ийг үзүүлж байгаа СЕХ, ҮАГ, Татварын ерөнхий газар, Сангийн яам зэрэг төрийн байгууллагууд том дүнгээр хууль зөрчигчдөд яагаад зохих хариуцлага тооцохгүй байна вэ, төрийн байгууллагууд өөрсдөө хууль зөрчөөд байгаа юм биш үү гэдэг асуудал ч урган гарч ирж байгаа юм.