

Хүүхдээ асарч буй ээжүүдэд хүүхэд нь нэг нас хүртэл 500 мянган төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хөндөөд, ажлын хэсэг ахлан ажиллаж буй. Олон нийтийн нэг хэсэг нь үүнийг дэмжиж байхад, нөгөө хэсэг нь халамжийг ингэж хавтгайруулах юм бол ажил хийх хүн олдохгүй болно, бас баахан “чанаргүй” хүүхэд төрөх болно хэмээн эсэргүүцсэн.
Монгол халамжийн улс боллоо гэж гэж шүүмжлэлтэй ханддаг иргэд олон бий. Гэхдээ улс орон бүр иргэдээ халамжлах бодлого хэрэгжүүлдэг. Учир нь аливаа төр иргэдээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн үүрэгтэй, үүнийг хийх зардлаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс төрөл бүрийн татвар болон даатгал, тэтгэврийн шимтгэл байдлаар бүрдүүлдэг. Эргээд техникийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулахаас гадна дэмжлэг шаардлагатай, зорилтот бүлгүүдэд чиглэсэн халамж үзүүлдэг.
Улс орнууд нэгдсэн төсвийнхөө хэдэн хувийг халамжид зарцуулдгийг судалж үзлээ.
Reportlinker.com сайтад мэдээлснээр, 2023 оны байдлаар нийгмийн хамгаалалд төсвийнхөө хамгийн өндөр хувийг зарцуулдаг таван улс:
Нийгмийн хамгааллын зардалд төсвийнхөө хамгийн бага хувийг зарцуулдаг таван улс:

Энэ зардалд тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өрх гэр бүлд үзүүлж буй дэмжлэгүүд, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх тэтгэмжүүд багтаж байгаа юм.
Манай улсын тухайд нийгмийн хамгааллын зардал нь төсвийн 30 хувийг эзэлдэг гэдгийг ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өнөө өглөө /2025.04.07/ Mass.mn сайтад зочноор уригдан ярилцахдаа хэлсэн. Тэгэхээр нийгмийн хамгааллын зардлаараа дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байгаа нь харагдаж байгаа юм.
Нийгмийн халамжийн нэг хэсэг болох энэхүү бичвэрийн эхэнд дурдсан хүүхдээ асарч буй эцэг эхэд чиглэсэн дэмжлэгийн тухайд улс орнууд ямар бодлого баримталж байгааг зарим улсын жишээгээр хүргэе.
Солонгос улс амаржсан эхэд асрагчийн үйлчилгээ үзүүлдэг
Солонгос улс хүүхэд төрүүлсэн эхчүүдэд санхүүгийн болон эрүүл мэндийн, ажлын байрны гээд олон төрлийн дэмжлэг үзүүлдэг. Эдгээр дэмжлэг нь ихэвчлэн хүүхэд төрсний дараах эхний нэгээс гурван жилд хамаардаг. Тухайлбал, жирэмсэн эхэд нэг удаа нэг сая вон, хүүхдээ төрүүлсний дараа нэг удаа хоёр сая воны тэтгэмж өгдөг. Мөн жирэмсэн үед нэг сая төгрөгийн эрх бүхий эрүүл мэндийн карт өгөх бөгөөд хэрэв ихэр хүүхэд бол энэ карт нь 1.4 сая вон болж нэмэгддэг байна.
Жирэмсэн эх төрөхийн өмнө гурван сар амарна. Үүнээс эхний хоёр сард компани тухайн ажилтны үндсэн цалинг 100 хувиар тооцож олгодог. Гурав дахь сард улсаас хоёр сая вон өгдөг. Эх амаржсаны дараа өөрөө эсвэл нөхөр нь ажлаасаа түр завсарлаж хүүхдээ асрах бол нэг жил хүртэл хугацаанд хүүхэд асрах тэтгэмж авах боломжтой. Эхний гурван сар цалингийн 80 хувь (2.5 сая вон хүртэл), 4-12 дахь сард цалингийн 50 хувь (1.5 сая вон хүртэл)-аар тооцож, тэтгэмж олгодог байна. Эцэг, эх хүүхдээ зайлшгүй өөрийн биеэр асрах шаардлагатай зарим тохиолдолд хоёр дахь жилээс эхлэн цалингийн 30 хувьтай дүйцэх хэмжээний тэтгэмж үргэлжлүүлэн олгодог аж.
Бас нэг сонирхолтой дэмжлэг нь хүүхэд төрсний дараа эхний гурван сард төр зардлыг нь даагаад асрагч илгээдэг. Асрагч нь долоо хоногт нэг өдөр тухайн айлд бүтэн цагаар ажиллаж, хүүхэд асрахаас гадна хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Ийнхүү ээжүүдэд жирэмсний амралтын цалин, төрсний дараа хүүхэд асрах тэтгэмжээс гадна төрөхийн өмнө болон дараа нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт, асрагчийн үйлчилгээ зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлдэг байна.

Унгар улс залуу гэр бүлд хүүгүй зээл олгож, төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч зээлээс чөлөөлдөг
Унгар улс хэдийгээр бусад улс оронтой харьцуулахад нийгмийн хамгаалалд төсвийнхөө хамгийн бага хувийг зарцуулдаг ч гэлээ төрөлт болон гэр бүлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь анхаарал татаж байгаа юм.
Төрөлтийг дэмжих санхүүгийн урамшуулал
Унгар улс 2019 оны 7 дугаар сараас эхлэн залуу гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая форинт хүртэлх зээлийг хүүгүй олгож эхэлсэн. Энэ нь 96 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм. Эхний хүүхэд таван жилийн дотор төрвөл, зээл нь бүх хугацаанд хүүгүй хэвээр үргэлжилнэ. Хоёр дахь хүүхэд төрвөл, үлдэгдэл зээлийн 30 хувийг, гурав дахь хүүхэд төрвөл үлдэгдэл зээлийг бүрэн чөлөөлдөг байна. Тиймээс “Хүүхдийн тэтгэмж, зээл” гэж нэрлэдэг аж. Энэхүү зээлд өмнө нь тухайн гэр бүлийн эмэгтэй 41 нас хүрээгүй бол хамрагдах боломжтой байсан бол 2025 он гарснаас хойш зөвхөн 30 ба түүнээс доош настай байх шаардлага тавигдаж эхэлсэн байна. Унгар улсын төрөлт 2010 онд хамгийн доод түвшиндээ очсон бөгөөд “Хүүхдийн тэтгэмж, зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр 2021 онд 1.59 хувиар өсчээ.
Тус улс мөн эхчүүдэд хүүхдийн тооноос хамаарч, татварын хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд 2024 оны 10-р сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлсөн. Мөн 2010 оноос хойш цэцэрлэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн нь ээжүүд ажилдаа эргэн ороход дөхөм болж байгаа аж.
Орон сууцны дэмжлэг
Олон хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж буй залуу гэр бүлүүдэд орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээл олгодог. Энэхүү зээлийн хүүгийн дээд хязгаарыг энэ сараас эхлэн таван хувиар тогтоогоод байгаа юм.

Энэ мэтчилэн улс орнууд нөхөн үржихүйг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсээр байна. Өндөр хөгжилтэй зарим орны хүн амд насанд хүрээгүй хүний эзлэх хувь жилээс жилд буурч, япон, солонгос гэх мэт улсууд зарим сургууль, цэцэрлэгээ хааж байгаа мэдээлэл чих дэлсэх болсон.
Манай улсын тухайд сүүлийн 10 жилийн дотор хүн амын төрөлт 30 мянгаар буурсан нь анхаарахгүй орхиж боломгүй үзүүлэлт юм.
