m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.07 15:04
2315
Б.Буджаргал: Гүйлт сэтгэлийн хаттай болгож, зоригтой, өөртөө итгэлтэй болгодог

Хэт холын гүйлтийн тамирчин, дэлхийн аварга Б.Буджаргалтай ярилцлаа.

-Та өөрийн спортын амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Миний хувьд олон өдрийн гүйлтээр 10 гаруй жил хичээллэж, 20 удаа аварга болсон. Хамгийн ойрын жишээ буюу 2024 онд гүйсэн амжилтаас дурьдвал АНУ-д 10 өдрийн турш 1315 км гүйж, өөрийнхөө амжилтыг шинэчилсэн. Миний амжилт ази тивийн рекорд байдаг. Тухайлбал  1304 км байсныг 11 км-ээр ахиулсан. Мөн 5000 км холын зайд гүйсэн. Энэ нь өдөр бүр 104 км гүйж байгаа юм. 2025 оны 1-р сард БНХАУ-д зургаан өдрийн гүйлт хийсэн. Ирэх сард Япон улсад зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэж  байна. 

эг өдөрт 100 км гүйнэ гэдэг тамирчин хүнээс маш их тэвчээр хатуужил шаарддаг байх?

-Амжилтад хүрэх хамгийг гол зүйл нь монгол хүний сэтгэлийн хат гэдэг зүйл. Үүнийг би биеэрээ мэдэрсэн. Сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ гэж эзэн богд Чингис хааны хэлсэн үг яг үнэн. Надад булчин шөрмөс байхгүй ч би сэтгэлийн хатаараа л гүйгээд байдаг. Сэтгэлийн хат гэдэг зүйл хөгждөг юм байна.

Үүнийг хөгжүүлэх хамгийн энгийн арга нь гүйлт юм байна. Сэтгэлийн хаттай болсноор зоригтой болно, өөртөө итгэлтэй, амьдралд айх айдасгүй болно. Амьдралд бэрхшээл тохиолдлоо гэхэд шантрахгүй даван туулах сэтгэлийн хаттай болгодог. 

-Танаас өөр хэт холын гүйлтийн тамирчин бий юу?

-Олон өдрийн гүйлтийн төрөлд монголоос 10-аад хүн тэмцээнд оролцдог. Гэхдээ над шиг тогтмол гүйхгүй байх шиг байна. Цаашид олон тамирчин гарах байх. Би онцгойдоо ч биш бүх хүнд гүйх боломж бий. Бүх хүнд тэр хүч бий. Дотоод сэтгэлийн галаа бадрааж, дотоод сэтгэлийн хүчээ нээх хэрэгтэй. Хүн болгон хүчтэй байвал улс орон маань хөгжинө. 

-Маш олон тэмцээн уралдаанд оролцохдоо тамирчид өөрсдөөсөө зардлаа гаргадаг. Таны хувьд санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Төр засгийн зүгээс дэмжлэг байдаггүй. Төр засгаас олимпийн  төрлийн тамирчиддаа түлхүү дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэг байхгүй ч бор зүрхээрээ бэлтгэлээ хийж, уралдаан тэмцээнд ордог. Цаашид ч мөн хийгээд л явна. Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг давдаг  гэдэг зүйлийг төр засаг анхаарч, боловсролын байгууллагууд анхаараасай. Сэтгэлийн хаттай болгох хамгийн энгийн арга бол гүйлт, алхалт байна. Албан хаагчдад унаа хоолны урамшуулал олгодог шиг алхаж явдаг алба хаагчдаа онцгой  урамшуулдаг байгаасай. Ингэснээр ядаж л түгжрэлд хүн бүр машин унах гээд байхгүй арга байгаа. 

-Өөрийн зардлаар тэмцээн уралдаанд оролцоход наад зах нь ямар бэрхшээл тулгардаг вэ? 

-Тэмцээн уралдаанд ороход санхүүгийн боломжгүйгээс болоод орохгүй байх үе ч байсан.  Санхүү байхгүй юм чинь тэмцээнд орохгүй байя гэхээр цаанаасаа зарим нь болж бүтдэг. Манай Өмнөговь аймгийнхан намайг сайн дэмждэг, заримдаа иргэд дэмжинэ. Гэхдээ дэмжлэг нь баталгаатай байнгын биш, ховор.