m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.04.09 13:24
930
АХБ: Сүүлийн хоёр жил ДНБ-д эзлэх ЗГ-ын өрийн хэмжээ буурсан

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2025, 2026 онд хэрхэх талаарх тайланг  өнөөдөр танилцууллаа.

Азийн хөгжлийн банкны эдийн засагч З.МӨНХ-ОРГИЛ: Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг байна. 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ДНБ ийн 7.4 хувь байсан бол 2024 онд  4.9 хувь болж буурсан.  Энэ нь  хоёр жил дарааллан зуд болж, хөдөө аж ахуйн салбар  агшсантай холбоотой. 

ДНБ-ийн өсөлт 2024 онд эерэг, ирэх жилүүдэд өсөлт үргэлжилнэ гэж харж байна. Ирэх хоёр жилд 6.6 хувь 2026 онд 5.9 хувьтай байхаар төсөөлсөн. Үүнд уул уурхай, үйлчилгээний салбар, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл чухал нөлөөтэй. Энэ жил инфляци өндөр байх төлөвтэй буюу жилийн дундаж инфляци 9.1 хувь байна. Хэдийгээр өсөлтийг эергээр харж байгаа ч хэд хэдэн эрсдэл байна. Үүнд түүхий эдийн үнийн бууралт, инфляцийн дарамт, худалдааны зөрчлөөс үүсэх эдийн засгийн дам нөлөө байна.

2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийн тайлангаар салбаруудын хувьд уул уурхайн салбар өндөр өсөлтттэй, ДНБ-ий өсөлтөд 1.4 нэгж хувийг бүрдүүлсэн. Үйлчилгээний салбар 9.8 хувиар өсч, ДНБ-ийн 4.8  нэгж хувийг бүрдүүлсэн. Үүнд уул уурхайн экспорт агуулахын үйлчилгээ өмнөх онтой харьцуулахад 23 хувиар өссөн. ХАА-н салбар зудтай холбоотой 28 хувиар агшсан. Хоёр жил дараалсан агшилтын улмаас ХАА-н салбар эдийн засгийн өсөлтийг гурван нэгж хувиар бууруулсан. 

Цалин тэтгэвэр тэтгэмж өссөнтэй холбоотой өрхийн хэрэглээ өсч, ЗГ-ын хэрэглээ мөн өссөн жил байлаа. Төсвийн зардал 2024 онд 35 хувиар өссөн.  Өнгөрсөн онд импортын өсөлт экспортын өсөлтийг давсан. Тодруулбал импорт 17.7 хувиар өссөн байхад экспорт 0.7 хувиар өсчээ.

ЗГ-ын өрийн тухайд сүүлийн хоёр жил ДНБ-д эзлэх МУЗГ-ын өрийн хэмжээ буурсан.  2024 оны эцсийн байдлаар ДНБ-ийн 42 хувьтай тэнцэж байгаа нь Азийн бусад улстай харьцуулахад ЗГ-ын өрийн хэмжээ доогуур түвшинд байна. 

Гадаад валютын ханш 2024  онд харьцангуй тогтвортой байлаа. Цаашид валютын ханш, нөөцийн хэмжээ уул уурхайн экспорт болон томоохон төслүүдийн хөрөнгө оруулалттай  холбоотой байна. Дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилттэй холбоотой импорт нэмэгдэх хүлээлттэй байна. Импорт нэмэгдэхийн хэрээр ханшид дарамт үүсэх магадлалтай. 

Банкны салбарт 2024 онд 35.5 хувиар зээл өссөн. Нэгдүгээрт хэрэглээний зээл өссөн. Бизнесийн зээл мөн тодорхой хэмжээнд өссөн. Үүнтэй холбоотой багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа 2023 онд 7.5 хувь байсан чанаргүй зээлийн хувь 2024 онд 5.1 хувь болж буурсан сайн үзүүлэлттэй байна. Төвбанкнаас бодлогын хүүг өсгөсөн нь энэ оны хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна.