Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.04.10 11:23
2020
Х.Тэмүүжин: УИХ 60-аас дээш настай хүнийг прокуророор тавих гэж байгаа бол хууль хоорондын зөрчлийг арилгах хэрэгтэй.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокуророор Д.Жаргалсайханыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ хууль хоорондын зөрчилтэй асуудлаар тогтоол гаргах гэж байна шүү гэдгийг анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ:

Гурван зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, хуулийн байгууллагын толгойд хуулийг үл хүндэтгэдэг шуналыг дэв очихоор юу болдгийг бид мах, цусаараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй байгаа. Ардчилсан эрхзүйт орнуудад байдаг шиг Хууль зүйн сайд, ерөнхий прокурор хоёр нэг хүн байхад улираан сонгох, нас нь хэд байх нь асуудал биш. Харин хуульзүйн сайд, дотоод хэргийн сайд хоёр албан тушаалыг нэг хүн хашихаас болгоомжилно. Энэ хоёр албыг нэг хүн хашихаар улс нь цагдаажсан улс болж хувирдаг. Тиймээс ийм тогтолцооны шинжтэй томоохон шинэтгэл хийх хүлээлт байгаа шүү гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “хуулийг нэг мөр хэрэгжүүлэх” гэсэн үг байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй байхын тулд энэ байгууллага оршин тогтнож байгаа тухай хэлж байгаа юм. Тиймээс би хэд хэдэн хуулийн заалтыг сануулж, протоколд тэмдэглүүлмээр байна.

Прокурорын тухай хуулийн 60.3-т “прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас” гэсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас хүртэл” гэж заасан байдаг. Прокурорын тухай хуулийн 60.3 заалт нь өөрөөр заасан гэсэн үг. Энэ зөрчлийг арилгахгүй бол УИХ-ын шийдвэр хууль бус болно.

Шүүгч нарын тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэж байсан. Хэрэв УИХ 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар тавих гэж байгаа бол хууль хоорондын энэ зөрчлийг арилгах хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол ҮХЦ дээр маргаан үүсгэх эрсдэлтэй. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа Ажлын хэсэг хурдтай ажиллаж, энэ зөрчлийг арилгахгүй бол төвөгтэй байдал үүснэ шүү гэдгийг дахин сануулъя.

Гуравдугаарт, прокурорын манлайллаа шүүх дээр үзүүлэх ёстой. Гэтэл энэ мөрдөх байгууллагууд шүүх дээр биш хэвлэл дээр ажилладаг болчихлоо. Сүүлдээ хуульзүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй, хэргийг хэвлэл дээр ярьдаг болж байна. Үүнийг зогсоохын тулд шүүх дээр яллах ажиллагааг толгойгоороо хариуцаж байгаа хүний хувьд ямар ч албан тушаалтан гадуур хэрэг ярьж байгааг прокурор таслан зогсоох ёстой шүү гэв. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс мэргэжилдээ үнэнч байх нь маш чухал. Би Д.Жаргалсайхан прокурорыг мэргэжилдээ үнэнч, хуулийг дээдэлдэг гэдэгт итгэж байна. Харин хуулийг хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоодог байгууллага ажлаа хийх ёстой.