УИХ-ын гишүүн О.Батнайрамдал УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Оюутолгойн гэрээ болон уг ордод хамаарах бусад асуудлаар Асуулт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
Оюутолгойн бүлэг ордод хамаарах таван тусгай зөвшөөрөл бий. Үүнээс хоёр нь “Энтри гоулд” компаний эзэмшилд байгаа.
Саяхан буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Канад улсын Ванкуверын Арбитрын шүүх дээр нэг шийдвэр гарсан. “Оюутолгой” болон “Энтри гоулд” хоёр компаний хооронд 2005 онд байгуулсан гэрээг албажуулах үүрэг хүлээсэн. Одоо хүртэл албажаагүй байна гэсэн үг.
“Энтри гоулд-ын хоёр лиценз нь Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 гаруй хувийг хамардаг. Тэгэхээр нэлээд өндөр ач холбогдолтой орд гэсэн үг. Үүнээс Монгол Улс хэдэн хувь эзэмших вэ гэдэг дээр тодорхой хариулт авахыг хүсэж байна. “Энтри гоулд” болон “Рио Тинто”-той хамтарсан хэлцэл хийх ёстой. Тусгай АМНАТ байх уу эсвэл хувь эзэмших үү гэдгээ олон моделиор тооцоод, аль хувилбараар нь хэлцэлд орох вэ гэдгээ Засгийн газар тодорхой болгох ёстой.
Хоёрдугаарт, татварын асуудал бий. 2013-2015 оны хооронд 377 тэрбум төгрөг, 2016-2018 онд 649 тэрбум, 2019-2020 онд 279 тэрбум, нийт 1.3 их наяд төгрөгийн татвар, алданги төлөх өртэй.
Гэтэл гурван сарын өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial review” хэмээх сайтад “”Рит Тинто” компани Монгол Улсын Засгийн газартай татварын маргааны асуудлаа 295 сая ам.доллар буюу 814 тэрбум төгрөгөөр хаах санал өгсөн” хэмээн мэдээлсэн байна. Монгол Улсын Засгийн газар энэ маргааныг эцэслэсэн шийдвэр гаргасан уу гэдэгт хариулт авахыг хүслээ.
Гуравдугаарт, “Рио Тинто” гэлтгүй үндэстэн дамнасан корпорациуд “Financial pricing” буюу олон улсын үнэ шилжилтийн механизмаар татвараас үндэстэн дамнан зайлсхийх явдал байдаг. “Рио Тинто” нь оффшор бүс болох Нидерландын вант улсад харъяалагддаг толгой компаниараа тус улсад давхар татварын гэрээтэй байсан. Үүнийгээ 2012 онд үндэстэн дамнан татвараас зайлсхийх хүрээнд цуцалсан байдаг. Энэ нь мөн татварын маргаан өрнөх нөхцөлийг бүрдүүлсэн.
“Рио Тинто” энэ компаниа саяхан буюу 2023 оны 12 дугаар сард Монгол Улстай давхар татварын гэрээтэй Сингапур улс руу шилжүүлсэн байна. Энэ нь дахиад үнэ шилжүүлэх механизм үүсгэх эрсдэлтэй гэж харж байна. Энэ эрсдэлийг хамгаалах хүрээнд Монголын Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн асуулт тавьж байна.
Дөрөвдүгээрт, Оюутолгой 2009-2025 оын хооронд 18-20 тэрбум төгрөгийн зээл тавьж, том бүтээн байгуулалт хийсэн. Олборлогчоосоо илүү бүтээн байгуулалтын том мега төслийг хэрэгжүүлж ирсэн.
Өнөөдрийн байдлаар 5000 орчим үндсэн ажилтантай бөгөөд бүтээн байгууллатын хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудад 20 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажил нь 2025 онд дуусаад, уул уурхайн олборлолт руугаа шилжиж байна. Тиймээс 20 мянган хүний ажлын байр байхгүй болно гэсэн үг. Энэ шилжилтийн үед хүний нөөцийн ямар бодлого барьж байгаа юм бэ гэдэг асуулт тавьсан. Энэ асуудал дээр хүний нөөцийн маш том стратеги шаардлагатай гэж харж байна.
Тавдугаарт, “Turkois hill” гээд Канад болон Нью-иоркын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компани байсан. “Рио Тинто” 2022 оны 12 дугаар сард энэ компанийг хувьчилж авснаар хаалттай компани болсон. Мэдээллийн ил тод байдал маш чухал. Энэ асуудал болон Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялгийг олон нийтэд илүү хүртээмжтэй байдлаар хуваарилах хүрээнд “Оюутолгой”-н тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байна. Монгол Улс өөрийн 34 хувьд ногдох хэсгийг эсвэл “Рио Тинто”-той хамтарсан байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах ёстой. Ингэснээр олон давуу тал бий болно гэж үзэж байна.
Нэгдүгээрт, нээлттэй компани болно. Хоёрдугаарт, Оюутолгой” компани дээр зөвхөн “Эрдэнэс Монгол” хэмээх төрийн өмчит компаний хүрээнд анализ хийх биш хөндлөнгийн монгол шинжээчид шинжилгээ хийх боломж бүрдэнэ. “Turkois hill” компани Канад болон Нью-Иоркын Хөрөнгийн биржид байхад тэндээс монгол хүн хувьцаа авах боломжгүй байсан. Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалснаар монгол хүн энэ компаниас ашиг хүртэх нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын 2021 онд баталсан, маргаан дагуулсан далд уурхайн бтүээн байгуулалт дээр хөндлөнгийн аудит хийнэ гэсэн заалт бий. Энэ дүгнэлттэй танилцах хүсэлт мөн тавилаа.