m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.04.11 16:31
2111
Н.Мөнхнасан: ЗГ-ын гэнэтийн шийдвэрүүдийн золиос нь дотоодын компаниуд, хөрөнгө оруулагчид

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар салбар, салбарын төлөөллийг оролцуулж өнөөгийн хууль эрх зүйн орчинд тулгарч буй асуудал цаашдын боломжийг хэлэлцэх зорилгоор  Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг урьж, барилгын салбар дахь хөрөнгө оруулалтын боломж, асуудлын талаар ярилцлаа. 

-Өнгөрсөн жил “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлыг идэвхтэй ярих болсон. Монгол Улсын хувьд тэр тусмаа барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагч татах боломж хэр байдаг вэ?

-Монполимет Групп сүүлийн 15 жилийн хугацаанд барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, барилга угсралт, оффис худалдаа, үйлчилгээний цогцолбор, орон сууцны барилгын чиглэлээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай хэд хэдэн төслүүд хэрэгжүүлсэн. Түүнчлэн барилгын материалын стратегийн бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр жил 1 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогц үйлдвэрийг Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай (ЕСБХБ) хамтарч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ч, миний бодлоор барилгын материал үйлдвэрлэл, худалдааны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын хамгийн том боломж бий гэж хардаг. Учир нь материал үйлдвэрлэлийн зах зээлийг сегментээр үзвэл, 

  • Ашигт малтмалын олборлолт буюу шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, 
  • Үндсэн материалын үйлдвэрлэл буюу цемент, төмөрлөг, мод, 
  • Хагас боловсруулсан материал буюу бетон хийц, арматур, модон хийц
  • Барилгын материал буюу хаалга, цонх, дээвэр гэхчлэн хувааж болох ба цементээ дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа шиг бусад бүх материалыг мөн адил дотоодод үйлдвэрлэх боломжтой гэж хардаг. 

Гэсэн ч бид өндөр үнээр өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдээ импортолж ашигласаар байна. Мөн тээвэр логистик, агуулахын менежмент, бөөний болон жижиглэн худалдааны дэд бүтцийн салбарт ч хөрөнгө оруулалтын маш их боломж байгаа ч өнөөдрийн байдлаар энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Цаашлаад барилгын материалын дахивар (recycling) боловсруулах үйлдвэрлэлийн ногоон хөрөнгө оруулалт олон улсад хэдийнээ хөгжөөд байгаа ч манайд энэ талын төсөл нэг ч хэрэгжээгүй.

Харж байгаачлан манай салбарт олон боломж байгаа. Асуудал нь энэ салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл явуулахад зам харилцааны хүртээмж, эрчим хүчний хангамж, ажиллах хүчний хомсдол, татвар, зээлийн хүүгийн түвшин, хууль эрх зүйн орчны ялгавартай хэрэгждэг байдал гээд бизнесийнхэнд тулгарч буй маш олон бэрхшээлүүд байдаг.

-ЗГ хөрөнгө оруулалт татаад ирсэн компаниудаа хэр дэмждэг вэ? Нөгөөтээгүүр гаднын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд саад болох тохиолдлын талаар дурдвал? 

-Дотоодоос дангаар санхүүжүүлэх боломжгүй төслүүдийн санхүүжилтийг гаднаас хөрөнгө татах боломжтой болгосноор ажлын байрууд шинээр бий болгох, татварын суурь нэмэгдүүлэх, төсөл дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, олон улсын дэвшилтэт технологи, ноу-хоу нэвтрэх гээд маш олон талын ач холбогдолтой. Мэдээж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүдийг төрөөс дэмжих нь маш чухал. Ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн хүртээмжтэй байдал дээр төрөөс маш богино хугацаанд анхаарч хөгжүүлэлт хийх нь ирээдүйд олон салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтын төслүүдийн амжилтад гол нөлөө үзүүлнэ. Тухайлбал, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын гол суурь нь эрчим хүчний тогтвортой хангамж, төмөр зам, авто тээврийн хүчин чадал тэргүүтэй хүчин зүйлс. 

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний дутагдалтай байдлаас үүдэн экспортын болон дотоодын борлуулалт удааширч эдийн засгийн асар их боломжийг урсгаж байгаа. Үүнээс ч илүү чухал зүйл бол хууль эрх зүйн орчны тодорхой, тогтвортой байдал. Тухайлбал анх биднийг Монцемент төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад хөрөнгө оруулалтаа ЕСБХБ-наас татаж байхтай зэрэгцэн “Хөрөнгө оруулалтын тухай хууль” батлагдаж томоохон төслүүдэд төрөөс үзүүлэх татварын дэмжлэгүүд хуульчлагдсан. 

Гэвч тус хуулийг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал, хууль эрх зүйн акт хоорондын уялдаагүй байдлаас шалтгаалж хөрөнгө оруулагчид хуулиар олгогдсон дэмжлэгээ авч чадалгүй, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ойлгомжгүй байдалд ороод байна. 
Ямар ч улсын хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг л хүсдэг. Харамсалтай нь төр засгийн гэнэтийн шийдвэрүүд, тогтвортой бус байдлууд ялангуяа үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Өнгөрсөн 5 сарын 1-нд Засгийн газар дотоодын зах зээлээ хангахуйц хүчин чадал бүхий үйлдвэрүүдтэй байхад импортын цементийн татварыг 5% болгон бууруулсан гэнэтийн шийдвэр гаргасан. Улмаар зах зээл дээр тогтворгүй байдал, шударга бус өрсөлдөөн өрнөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 250-300 мянган тонн цемент импортоор орж ирсэн байх ба энэ нь төрийн өмчит Цемент шохой үйлдвэрийн 2024 оны жилийн үйлдвэрлэлээс давсан тоо хэмжээ юм. 

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтад мөн импортын цемент ашиглахаар мэдээ гарсан байсан. Дотооддоо 100% нийлүүлж чадах үндэсний үйлдвэрүүд байсаар байтал ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдээ мохоох бодлого гэж харж болохоор. Энэ мэт гэнэтийн шийдвэр бодлого, хууль эрхзүйн ялгамжтай байдал нь үйлдвэрлэл хөгжих ямар ч боломжгүй байдалд оруулж байгаа юм.

-Таны бодлоор гадаадын хөрөнгө оруулагчдыг барилгын салбарт төдийгүй Монгол Улс руу татах боломжийг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэж хардаг вэ?  

-Монгол Улс дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд, томоохон тоглогчдын хувьд төдийлөн танил биш. Хэдийнээ хөрөнгө оруулсан компаниудын хувьд бол ахин хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлох хандлагатай болсон. 

Үүний гол шалтгаан нь дээр дурдсан хөрөнгө оруулагчийн эрх ашиг, хөрөнгийг хамгаалах механизм байхгүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй, тогтворгүй зэрэг болно. Жишээ нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт хөрөнгө оруулагчдын зүгээс 80 орчим гомдол тодорхой шийдэлгүй, хариуцах эзэнгүй, цаг хугацаа алдсан байдалтай байна.

Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ аваагүй, эсрэгээрээ хөрөнгө оруулагчдыг яллах, хөрөнгө, мөнгийг нь битүүмжлэх, эрүүдэн шүүх үйл ажиллагаа нэг биш удаа хийх болсон нь Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй компаниудыг үргээсээр байгаа нь харамсалтай. Энэ үйл явдлаас болж зөвхөн манай компанийн ажилчдаас гадна гол хөрөнгө оруулагч болох ЕСБХБ хүртэл золиос болоод байна.

Түүнчлэн, ганц гадаад гэлтгүй үндэсний аж ахуйн нэгжүүд ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх туршлага, чадамжтай болж хөгжин хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой болсон. Энэ бол асар том боломж. Гагцхүү гадаад, дотоод гэж ялгаварлалгүйгээр эрх тэгш бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал.  

-Монполимет Группийн хувьд гаднаас татсан хөрөнгө оруулалтын өгөөж хэр байсан талаар яриагаа үргэлжлүүлье. 

-Бид барилгын материал үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татсанаар Франц, Их Британи, Энэтхэг, Хятад, Турк гэхчлэн олон улсын томоохон мэргэжлийн байгууллагуудтай стратегийн хамтран ажиллагааг эхлүүлж, туршлага солилцох боломжийг нээсэн.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Lafargeholcim зэрэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компаниудад 15-20 жил удирдах албан тушаал хашсан туршлагатай мэргэжилтнүүд Монцемент төслийг шат шатанд нь удирдаж манай компанид олон улсын жишигт нийцсэн менежментийн арга барилыг нэвтрүүлж, олон зуун залуу инженер техникийн ажилчдыг ажлын байран дээр болон гадаадын ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажуулж Монгол улсын аж үйлдвэрийн салбарын хөгжилд хүний нөөцийн болон технологийн томоохон хувь нэмэр оруулсан.

Өнгөрсөн хугацаанд бид олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаар үйлдвэрээ маш богино хугацаанд ашиглалтад оруулж, зах зээлд түрүүлж нэвтрүүлсэн давуу талаараа Ковид-19 шиг тулгарсан бүхий л сорилтыг амжилттай давж, зээлийн эргэн төлөлтөө хийж дуусгасан байдаг. Цаашлаад тэдгээр төслүүдээс хуримтлуулсан туршлагад үндэслэн дараа дараагийн төслүүдээ хэрэгжүүлэхэд техникийн ур чадварын хувьд хангалттай чадавхтай чадварлаг хамт олон бүрдүүлсэн нь хамгийн том хөрөнгө оруулалтын өгөөж, олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэж боддог.

Түүнчлэн бид Монгол Улсдаа анх удаа цемент үйлдвэрлэлийн процессоос үүсэх хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн сэргээгдэх эрчим хүчний шинэ төрөл болох Waste Heat Recovery (WHR) системийг нэвтрүүлж, өнгөрсөн 8 жилийн хугацаанд 100 сая к.цаг үйлдвэрлэсэн амжилтыг тогтоолоо. 

Энэхүү системийг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр төвийн эрчим хүчнээс авах ачааллыг 30%-40% бууруулах, мөн хамгийн чухал нь агаарт цацагдах нүүрстөрөгчийн хийг 110 мянган тонноор бууруулсан байна.
 Нөгөөтээгүүр, эрчим хүчний хууль тогтоомжид томоохон реформ хийх, сэргээгдэх эрчим хүчний тодорхойлолтыг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаж буй үйлдвэрүүд, ААН-үүдийг тодорхой хэмжээнд татварын болон татварын бус бодлогоор дэмжвэл цаашид энэ үүсээд байгаа эрчим хүчний ачааллыг багасгах ач холбогдолтой гэж харж байна.
Эх сурвалж: Лемон пресс