Засгийн газрын Шуурхай штабын өнөөдрийн хуралдаан дээр Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Өнөөдрийн байдлаар 168 мянган суралцагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчиж, сургуульдаа явж байгаагаас 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарсан байна.
Энэ асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлагатай. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж, түгжрэл 31.7 хувиар буурна гэж тооцжээ. Мөн дээрх сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа тул “Хотхоны бага сургууль” шаардлагатай гэж үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ. Үүнийг шийдэхийн тулд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин, хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд онцоллоо.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийллээ.