Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Архангай аймгийн Арвайхээр суманд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа уургийн нэмэлт тэжээл үйлдвэрлэгч “Бага рашаант” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд ХХААХУЯ-ны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 онд Улаанбаатар хотын 20-р хороонд жилд 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Амин чанар” үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна.
Тус компани нь 1997 оноос хойш таван хошуу малын сүү, шар сүү, цуснаас уургийн пептидийг гарган судалгаа туршилт хийж эхэлсэн бөгөөд 2007 онд компанийн үйл ажиллагаагаа эхлүүлж, 2016 онд сарлагийн сүү, шар сүү, адууны цуснаас хүчил пептид ялган авч, Монгол Улсын Оюуны өмчийн газраас “Амин чанар” нэртэйгээр үйлдвэрлэх эрх авч зах зээлд нэвтрүүлжээ.
Үхрийн шийрээс желатин пептид гарган авах судалгаа, туршилтаа амжилттай хэрэгжүүлж, бэлэн бүтээгдэхүүн болгон Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай хамтран цоо шинэ бүтээгдэхүүн болох үе мөчний шингэн нөхөх, үрэвсэл бууруулах үйлчилгээтэй желатин пептидийг зах зээлд нэвтрүүлсэн юм.
Мөн цаашид малын арьс, үс, эвэр, туурай, ихсээс уургийн пептидийг гарган авч, зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэхдээ Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байв.