Засгийн газрын Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Өнөөдрийн байдлаар дүүрэг хороо хооронд 168 мянган суралцагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна.Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.
Энэхүү асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасч түгжрэл 31.7 хувиар буурна. Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдийн 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ. Үүнийг шийдэхийн тулд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд илтгэлдээ онцоллоо.