Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.04.15 22:35
877
УИХ-ын гишүүд хүслийг биелүүлэгч “бирд” биш, хуулиар хүлээсэн үүргээ л гүйцэтгэх ёстой

Гарын бэлэгт хууртдаг хямдхан сэтгэлгээнээсээ салцгаая

Монголчууд бид 76 "мал" тэжээж байсан бол тэд маань үржиж, 126-уулаа болсон. Өнөөх хэд маань "мал" гэх хочоосоо салж, хайртай гишүүн нь байж, дахин сонгогдохын тулд сонгогчдодоо таалагдах бүхнийг хийх гэж хичээдэг. Хийх ч гэж дээ, ярьдаг. Иргэд ч өөрсдөө УИХ-ын гишүүдийг “бүхнийг биелүүлэгч бирд” мэтээр үзэж, биелүүлэх боломжгүй хүсэлт ил, далдаар тавьж ирсэн. Зарим нь бүр хууль бус зүйл хүртэл хийхийг шаардана. Жишээлбэл, "Төрийн албаны шалгалт өгсөн ч тэнцсэнгүй, арын хаалга л орсон байх, ажилд оруулаад өгөөч", "Манай хүүхэд Их сургуульд сурах гэтэл босго оноо хүрсэнгүй, оруулаад өгөөч" гэх мэт тодорхой дүрэм журам зөрчих гуйлт тавих энүүхэнд. Хууль тогтоогчоос хууль бус зүйл хийхийг шаардах нь дэндүү увайгүй хэрэг шүү дээ. 

Уг нь бол УИХ-ын гишүүд хуулиар ямар үүрэг хүлээдэг, юуг шийдвэрлэх боломжтой вэ, юу хийж чадах вэ гэдгийг эхлээд ойлгочих хэрэгтэй байгаа юм. Товчхондоо тэд хуулийн төсөл санаачлах, батлах, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах үүрэгтэй байдаг.

Гэтэл манай сонгогчид парламентын гишүүдийг аж ахуйн нярав, менежер болгочих гээд байдаг хандлага түгээмэл байдаг. Хорооны хог хуримтлагдсан ч, гудамжны нохой хүүхэд хазсан ч, орон сууцны ус тасарсан ч тойргийн гишүүнээ дуудах нь холгүй. Хааяахан нэг тойрогтоо уулзалт хийх үед иймэрхүү асуудал хөнддөг иргэд цөөнгүй. Бодлого боловсруулдаг субьектээс аж ахуйн ажил шаардах нь эргээд тэдний үндсэн ажлаа хийх цагаас хумсалж, оролцох шаардлагагүй ажилд хошуу дүрэхэд хүргэдэг талтай.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд хувь, хувьсгалын ажлаар уулзах гэж ирсэн тойргийнхоо сонгогчдод гарын бэлэг өгдөг, хороо, сумандаа уулзалт зохион байгуулахдаа ч бэлэг тараадаг “бичигдээгүй хууль” нь эргээд тэднийг иргэдэд байнга өгч байх үүрэгтэй мэт ойлголт төрүүлдэг. Ямартаа л “Орон гэртэй болмоор байна. Гэхдээ хүүхдүүддээ дараа болмооргүй байна, гишүүнээс л тусламж авмаар байна”, “Хүүхдүүдээ ипотекийн зээлд хамруулах гэтэл урьдчилгаа мөнгө хүрэхгүй байна, гишүүнээс дэмжлэг авмаар байна” гэх дугаар хорооны иргэдтэй таарч байх вэ дээ.

Попорсон бүхэнд автах хэрэггүй

Ямар ард түмэн байна, тийм төр оршино гэдэг дээ. Шулуухан хэлэхэд, өнөөдрийн төр бидний л тусгал. Олон нийтэд таалагдахын тулд биелэх, биелүүлэх боломжгүйг мэдсээр байж гоё сайхан амлалтууд өгдөг, эргээд үр дагаварыг нь хариуцдаггүй гишүүд олон болсон.

Хамгийн сүүлийн жишээ, Татварын багц хуулийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг нэрлэж болох юм. Уг хуулийг шинэчлэхээр энэ оны эхээр ажлын хэсэг байгуулагдан, хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн ч сураг алдарсан. Харин уг хуулиар попрох гишүүд олшров. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаясгалан нарын нэр бүхий зургаан гишүүн ХХОАТ-ын тухай хуульд алслагдсан бүсийн иргэд 10 биш нэг хувийн татвар төлдөг болох өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа мэдэгдэж байсан нь саяханых.

Өнөөдөр Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нарын гишүүд мөн ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж буйгаа зарласан. Энэ удаад бүс нутаг болон цалингийн хэмжээнээс хамааралгүйгээр нийт иргэн орлогоосоо нэг хувийн татвар төлдөг байх санал оруулж ирж байгаа юм.

Дээрх гишүүдээс өмнө иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ыг нэг хувь болгох өргөдөл D-Parliament.mn сайтад гаргасан нь 10 хоногийн дотор 100 мянган хүний санал авсан бөгөөд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэдгийг Амарбаясгалан дарга чуулганы индэр дээрээсээ хэлээд авсан.

Нэгэнт УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болоод ирэхээр олонход таалагдах хуулийн төсөлд нэрээ хавчуулах гэсэн мэт уралдаж, ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь үнэндээ ард иргэдээ бодсон гэхээс илүүтэй, өөрсдийнхөө нэр хүндийг л өсгөх гэсэн мэт.

2025 оны улсын төсвийн орлогод ХХОАТ-аас 2.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрвээ уг татварыг нэг хувь болгох юм бол төсвийн орлого даруй 2.5 их наядаар тасарна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, 2022 онд онд 22.5 их наяд байсан төсвийг хоёр жилийн дотор 11 их наядаар өсгөсөн юм чинь эргээд хасахад ямар ч асуудалгүй хэмээх байр суурийг хуулийн төсөл санаачлагчид илэрхийлж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Монгол Улсын иргэд олсон орлогоосоо 10, 15, 20 хувь гэсэн шатлалтайгаар татвар төлж буй. Харин Аж ахуйн нэгжүүдэд 1, 10, 25 хувь гэсэн ялгаатай татвар үйлчилж буй. Дээр нь ажлын байр бий болгосныхоо төлөө ажилтан бүрийнхээ өмнөөс даатгалын шимтгэл нэмж төлдөг. Тиймээс эхний ээлжид татварын зөрүүг багасгах зэрэг төсөвт цочир цохилт өгөхөөргүй хувилбарыг сонгож, хэрэгжүүлж болох юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ.

Зөвхөн татвар ч биш, нийгмийн халамжийн бусад асуудлууд дээр ч гишүүд поп шинжтэй хуулийн төсөл санаачилдаг. Санаачилдаг гэхээсээ илүүтэй ярьдаг. Зарим нь  барилдахаасаа таахалзана гэгчээр хэдэн жил ярьж явсаар дараагийн сонгуультай золгох нь ч бий. Тухайлбал, 2021 онд батлагдсан Өршөөлийн хуулийн хүрээнд Зөрчлийн хуулиар торгох шийтгэл авсан иргэдийг торгуулиас чөлөөлж байсан. Үүнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар ч багтаж байв. Нийтээр дагаж мөрдөх журмыг зөрчиж,  бусдын аюулгүй зорчих эрхэд бүдүүлгээр халдсан, зөрчихгүй байж болох ч зөрчсөн, хэнэггүй үйлдлийг өөгшүүлж буй мэт энэ шийдвэр нь үнэндээ тэнэглэл байсан.

Энэ мэтчилэн аливаа асуудлыг хөндөхдөө эргээд эдийн засагт учрах үр дагавар, үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх зэргийг бодолцож, дуугарч байх хэрэгтэй хэмээн эрхэм попрогч гишүүдэд хандан сануулъя! Иргэд өөрсдөө ч илүү хэрсүү байцгаая! Ямар ард түмэн байна, тийм төр оршино.