m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.04.16 12:17
834
ҮСХ: Чанаргүй зээл ХОЁР их наяд төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа. 

Монгол Улс 2025 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл 742 сая ам.долларын алдагдалтай гарсан. Урсгал дансны алдагдал тэнцлийн алдагдал нэмэгдсэн, санхүүгийн тэнцлийн ашиг буурсан нь  төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад  голлон нөлөөлжээ.  Санхүүгийн данс эхний хоёр сарын байдлаар 191 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 378 сая ам.доллараар буурсан. Үүнд ГШО 203 сая ам.доллараар буурсан, гадаад зээл тусламж буурсан нь голлох нөлөө үзүүлжээ.  
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч,  өмнөх  оны мөн үеэс 4.1 (10.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 (22.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн  19.1 их наяд төгрөг буюу 86.4 хувийг иргэдийн хадгаламж,  гурван их наяд төгрөгийг ААН-ийн хадгаламж эзэлж байна. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2  их наядаар буюу 16.2 хувиар,  тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 16 хувиар тус тус буурчээ. 

Нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын сүүлийн байдлаар 38.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.5 хувиар өсчээ. Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 33.3 хувиар өсөхөд иргэдийн зээлийн үлдэгдэл 5.9 хувиар,  ААН-ийн зээл 3.2 их наяд төгрөг буюу 27.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 4 хувийг анхаарал хандуулах, 6.3 хувийг буюу хоёр их наяд төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна. Хувийн салбарын авсан чанаргүй зээлийн хэмжээ 1.4 их наяд, иргэдийх 642.5 тэрум төгрөг буюу 31.4 хувийг тус тус эзэлж байна. 

Орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.