Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.04.16 13:57
1270
Ж.ЭНХБАЯР: Зүүн гурван аймгийн ноолуурыг 150-160 мянган төгрөгөөр худалдаж аваад, одоо төвийн бүс рүү шилжиж байна

Төсвийн байнгын хороогоор ЕАЭЗХ-той байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэлэлцэх үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.

Нэгдүгээрт ноолуур, хоёрдугаарт мах махан бүтээгдэхүүн, гуравдугаарт, бусад түүхий эдийг үнэ цэнд хүргэх замаар малчдын орлогыг дээшлүүлнэ. УИХ-аас баталсан “Цагаан алт”, “Атрын дөрөв дүгээр аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” гэсэн хөтөлбөрүүд бүгд үүнд чиглэж байгаа.

2024 онд экспорт 980 сая ам.долларт хүрсэн. Ноолууран бүтээгдэхүүн экспорт 400 сая ам.доллар, мах, махан бүтээгдэхүүний экспорт 300 сая ам.доллар тус тус давсан. Сүүлийн 10 жил тасралтгүй өсөж байгаа.

Түүхий эд бэлтгэж байгаа малчдаа хөдөлмөрөөр нь хоршиж, үйлдвэрүүдтэй холбоё, үйлвэрүүд нь боловсруулалтынхаа түвшинг сайжруулж, экспортын чиг баримжаатай чадавхаа нэмэгдүүлье.

Ноолуурын тухайд, Монгол Улсдаа 100 хувь угаах, самнах хүчин чадал бүхий үйлдвэр угсарч дууссан. Өмнө нь зөвхөн угаасан ноолуур экспортолж байсан бол энэ жилээс самнасан ноолуур гаргаж эхлэх гэж байна. Угаах, самнахын хооронд багаар бодоход 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг татвар, цалин байдлаар Монгол Улсад орлого болж орж үлдэнэ. Ноолуураар утас хийх ажил 20 хувьтай байгаа, үүнийг 40-50 хувьд хүргэнэ. Ноолуурын экспортыг ойрын хугацаанд нэг тэрбум ам.долларт хүргэх чадавх бодитой бий.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүд дэмжлэг аваад, хөрөнгө оруулалт хийж буй. Энэ хөтөлбөрөс болж ноолуурын үнэ унаж байна гээд байгаа. Үгүй. Тарифын өөрчлөлтийн улмаас үүсэж буй дэлхийн худалдааны мөргөлдөөн нөлөөлж байгаа. Гэхдээ бид дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлснээр үнийг тогтвортой барьж чадаж байна. Зүүн гурван аймгийн ноолуурыг 150-160 мянган төгрөгөөр худалдан авах ажил 90 хувьтай явж байна. Одоо төвийн бүс рүү шилжинэ. Монгол Улс урд хөршийн ноолуурын зах зээлийн 50 хувийг хангадаг.

ЕАЭЗХ-той хэлэлцээр хийснээр  мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хойд талын сэрүүн бүс нутагт нийлүүлэх боломж нэмэгдэнэ. Нөгөө талаараа экспортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтэээгдэхүүнүүдийн үнэ хямдарна гэлээ.