Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Архангай аймгийн Ихтамир суманд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа эрчимжсэн мал, аж ахуй эрхэлж буй “Жиферм”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Жиферм”-ийн үүсгэн байгуулагч Д.Гэрэлт:
“Жиферм” эрчимжсэн мал аж ахуй нь сүүний болон махны чиглэлийн 130 гаруй үхэртэй бөгөөд жилд 60-65 тн литр сааль авч ерөнхий боловсролын сургууль болон Архангай аймгийн зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Мөн тэжээлийн тодорхой хувийг өөрсдөө тариалдаг юм. Архангай аймгийн байгаль, цаг агаар, уур амьсгал, нутаг орны байдалдаа зохицуулан дасан зохицох чадвартай үхрийг шилж сонгох шаардлагатай. Манай аймаг орны аль ч бүсэд мах сүүний хосолмол ашиг шимт шар тарлан, симменталь, алатау, оросын хар тарлан, махны чиглэлээр казакийн цагаан толгойт, сэлэнгэ зэрэг үхрийг цэврээр нь буюу 2-р үеийн эрлийз үхрийг л үржилд ашиглавал сүү, махны гарцыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм” гэж байв.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гааль, татварын хөнгөлөлт, урамшуулал зэргээр бодлогын дэмжлэг үзүүлдэг. Гэвч сүүний урамшуулал хөдөө, орон нутагт олгогддоггүй бөгөөд зөвхөн төвийн бүсэд дэмжлэг үзүүлдэг. Хөдөө, орон нутгийн эрчимжсэн мал, аж ахуй эрхлэгчдэд сүүний урамшуулал олгосноор маш том дэмжлэг болж чадах юм.
Мөн орон нутгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа.