Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.04.16 16:59
1982
Газрын тосны үйлдвэрээ удахгүй ашиглалтад оруулах Монгол агаарын хөлгийн түлшийг 20 жил ОХУ-аас авах нь хэний эрх ашиг вэ

Монголоос, тэр дундаа Улаанбаатараас эхэлж буй бүх нислэгийн тийзийн үнэ бусад улсын адил хэмжээний зам туулах нислэгүүдээс харьцангуй өндөр байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тиймдээ ч манай иргэд эхлээд Бээжин рүү газраар яваад, тэндээсээ дамжин нисэх зэргээр замын зардлаа хямдруулах арга  эрэлхийлдэг.

Нөгөө талдаа монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо төдийлөн өсөхгүй байгаад манай аялал жуулчлалын салбарын үйлчилгээ муу, дэд бүтцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлсээс гадна агаарын тээврийн үйлчилгээний үнэ өндөр байгаа нь ч нөлөөлдөг гэдгийг салбарынхан хэлдэг. Тиймээс агаарын тээврийн үйлчилгээний өртгийг хямдруулах бодит шаардлага тулгарч байгаа юм. Үүний тулд тийзийн үнийн 36 хувийг бүрдүүлж буй түлшний үнийг хямдруулах шаардлага ч мөн урган гарсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшээ 100 хувь ОХУ-аас авч байгаа бөгөөд сүүлийн таван жилийн турш нийлүүлэлт тогтмол өссөн байгаа юм. Тухайлбал, 2021 онд 27.9 мянган тн түлш авсан бол 2024 онд 70 мянган тоннд хүрчээ. Тиймээс Монгол Улс  60 хувь, ОХУ 40 хувийг эзэмших хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлшийг боломжит доод үнээр тогтмол нийлүүлж байх шийдэлд хүрсэн байна. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр /2025.04.16/ Төсвийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцлээ.

Монгол улсын хэмжээнд дотоодын 20, гадаадын долоон авиакомпани агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлж байна. 2024 оны байдлаар нийт нислэгийн тоо 91 781, олон улсын хөөрөлт, буултын тоо 12 990, орон нутгийн хөөрөлт, бууралт 10 967 болсон бөгөөд нийт 2.17 сая зорчигч тээвэрлэсний дийлэнх буюу 1,746,900 нь гадагшаа зорчжээ. Мөн 10 365 тонн ачаа тээвэрлэсэн байна. Эдгээр үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21-44.6 хувиар өссөн байх бөгөөд цаашид ч энэ салбар улам тэлнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Байнгын хороогоор хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “ОХУ-ын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж Монголд нийлүүлэх агаарын хөлгийн түлшийг бүрэн хариуцахаар төсөлд тусгасан байна. Бид 1.7 тэрбум ам.долларын зээл авч, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Гурван жилийн дараа ашиглалтад оруулах энэ үйлдвэрээс гарах нэг гол бүтээгдэхүүн нь агаарын хөлгийн түлш. Жилд 80 мянган тонныг үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ-д тусгасан байсан. Манай улсын хэрэглээ одоогоор 70 мянган тн орчим байгаа. Гэтэл энэ хэлэлцээрт 20 жилийн турш ОХУ-аас түлш авахаар тусгасан байна. Тэгэхээр 10 гаруй жил бид өөрсдийнхөө үйлдвэрлэсэн агаарын хөлгийн түлшийг хаана, хэнд борлуулах вэ?” гэдэг асуудлыг хөндсөн юм. Иймэрхүү эргэлзээтэй асуудлыг нэг мөр  болгохгүйгээр төслийг цааш явуулчих юм бол дараа нь засах боломжгүй нөхцөл байдал үүснэ шүү гэдгийг ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн мөн анхаарууллаа.

Уг нь төсвийн хөрөнгөөр хийх аливаа худалдан авалтад дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд сонгож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого бий. Энэ хэлэлцээрийн нэг сөрөг үр дагавар нь үндэсний үйлдвэр ашиглалтад орсон хойно бүтээгдэхүүний борлуулалтад тодорхой хугацаагаар тээг болох нөхцөлийг бүрдүүлэх гээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм.

Мөн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад оросын талын хөрөнгө оруулалттай холбогдон маргаан үүслээ гэхэд эхний ээлжид хоёр талын итгэмжлэгдсэн байгууллагууд хоорондоо зөвшилцөнө. Хоёр сарын дотор тодорхой шийдэлд хүрч чадахгүй бол ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд маргааныг шилжүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгасан байгаа нь мөн л манай улсад халтай заалт гэдгийг УИХ-ын зарим гишүүд болон хуульчид хэлж байгаа юм.  

Гэсэн хэдий ч Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь дэмжсэнээр тус хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Газрын тосны үйлдвэрээ удахгүй ашиглалтад оруулна гэх Монгол Улс агаарын хөлгийн түлшээ 20 жил ОХУ-аас авах нь хэнд ашигтай юм бол?