Нэг жилийн өмнө хэвлэгдсэн Жонатан Хайдтийн “Байж ядсан үеийнхэн” ном хүүхдүүдийн гар утасны хэрэглээний талаарх дэлхий нийтийн санаа бодлыг эргүүлсэн гэхэд болно. Дэлгэцний өмнө хэтэрхий их цаг өнгөрөөх нь хүүхэд, залууст ямар үр дагавартай талаар ВВС түүнтэй ярилцжээ.
“Эцэг эх нарт тусламж хэрэгтэй байгааг би туршлагаараа мэдэрч байна. Найз нар нь бүгд гар утсандаа наалдчихсан байхад тэр хүүхдийг дэлгэцээс салгах маш хэцүү. Тэгэхээр хамтын үйлдэл хэрэгтэй байгааг харуулж байна” хэмээн тэрээр өгүүлж байна.
- Таны ном гараад нэг жил болж. Бас л их шуугиан дэгдээсэн. Сургууль дээр гар утсыг хориглох, нас зааж өгөх, олон нийтийн сүлжээнд хязгаартай оруулах, хүүхдүүдэд хоорондоо тоглох илүү цаг зав гаргаж өгөх зэрэг асуудлыг хөндсөн. Одоо үүнийг хэн сайн хийж, хэн хийхгүй байна вэ?
Миний ном шуугиан тарина гэдгийг би мэдэж байсан. Энэ сэдэв зөвхөн Америкт ч биш, мөн дэлхий даяар түймэр шиг тархана гэдэгт бол бэлэн байгаагүй. Ер нь дэлхий даяар гэр бүлийн амьдрал нь дэлгэцийн цаг тойрсон маргаан болж хувирсан. Гар утасгүй, гар утсыг нь хурааж авдаг сургуулиудад өөрчлөлт гарах болсон. Сурагчдын тэн хагас нь гар утсаараа богино бичлэг үзэж, видео тоглоом тоглож байхад хичээл заах маш хэцүү. Багш нар анхнаасаа л гар утсанд дургүй байсан л даа. Гэвч хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байхыг хүсдэг эцэг эхчүүд “Энэ бол тэдний эрх” гэдэг үгээр бамбай хийж ирлээ.
- Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гар утасны хэрэглээнд их санаа зовдог ч сургуульд явахад нь гар утастай нь явуулдаг нь жаахан гажигтай л юм...?
Энэ дэлхийг аюултай, заналхийлэлтэй зүйл гэж үзээд олон эцэг эх гар утсыг авралын од гэж хардаг. Гэмт хэрэг их гардаг АНУ-д эцэг эхчүүд ингэж анхаарал тавих нь зүй ёсных гэж үздэг болсон. Хүүхдүүддээ хэтэрхий их анхаарал тавьдаг явдал 1990-ээд онд англи хэлтэй улсуудад хурдан тархсан. Харин одоо гар утасны хэрэглээг багасгах асуудал дээр Их Британи, Австрали улс түрүүлэн алхах боллоо.
- Гар утсыг хориглож байгаа сургуулиуд дээр ямар нөлөө гарч байгааг хэлэхэд арай эрт байна уу. Ямар тоо баримт байна вэ?
-Гар утаснаас чөлөөлөгдсөн сургуулиудын мэдээлэл бидэнд байна. Хүүхдүүд хичээлдээ ирэхдээ гар утсаа хураалгана, тарахдаа утсаа авна. Энэ арга маш үр дүнтэй гэдэг нь харагдсан. Хамгийн түрүүнд сахилга бат сайжирсан. Хэрэлдэх, зодолдох нь багасаж, янз бүрийн драм гарахаа больж байна. Сургууль илүү хөгжилтэй болж, хүүхдүүд найзуудтайгаа их ярилцаж, тоглож, инээж хөөрч байна. Сургууль завсардах явдал эрс багасаж байна. Хичээлээс хоцрох нь илт багасаж, хүүхдүүд цагтаа ирж байна. Сургуулийн заал, хонгилд эргээд цангинасан инээд сонсогддог боллоо гэж илтгэлд онцолсон нь хамгийн олзуурхууштай. Хэдийгээр гар утсыг хориглосон эхний, хоёр дахь долоо хоногт тодорхой эсэргүүцэл гарч байсан ч бүх мэдээлэл, үр дүн нааштай байна.
- Хэнээс эсэргүүцэл ирж байна?
- Зарим хүүхдүүд, мөн зарим эцэг эхээс. Гэвч би олон зуун сургуулийн захиралтай ярилцсан. Эцэг эхчүүдийн зүгээр асар их эсэргүүцэл ирэх байх гэж байсан ч тийм юм болсонгүй гэж хэлж байна. Цаг үе, сэтгэлгээ өөр болж байгааг харуулж байна. Гэхдээ миний ном гарахаас өмнө өөрчлөлтүүд гарч эхэлсэн л дээ. Их Британид ухаалаг гар утасгүй сургуулиуд бий болж, хоёрдугаар сард шуугиулж байсан. Гэтэл миний ном гуравдугаар сард гарсан. Одоо орчин, сэтгэл зүй өөр болж эхэлсэн, сургуулиуд энэ санааг ажил хэрэг болгохоор бэлтгэж эхэлж байна.