Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.04.17 13:19
599
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс хүнсний аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Г.Батбаяр болон холбогдох албаныхантай уулзаж, Эдийн засгийн тусгай бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулахаар шийдвэрлэсэн. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй хамтран хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих замаар импортыг орлох чанар, стандартад нийцсэн, эрүүл аюулгүй хүнсээр дотоодын хэрэгцээг хангах, экспортод чиглэсэн хүнсний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зорилго бүхий Эдийн засгийн тусгай бүсийг цогцлооно.