m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.04.17 15:20
301
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирын асуудлыг Цэц хэлэлцэнэ
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын томилгоо хууль бус хийгээд авлига, ашиг сонирхлын асуудал ч яригдаж магадгүй гэх асуудал үүсээд удаж байгаа.
Энэ хугацаанд Засаг даргыг үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах шийдвэр ч гараад амжсан. Анх Булган аймгийн Баян-Агт сумын Иргэний хөдөлгөөний намын дарга П.Магсар ТАЗ-д гомдол гаргаж, тайлбар хүссэнээр эл асуудал шуугиан дагуулсан юм. Тэрээр Засаг даргыг сонгон шалгаруулах, томилоход тавигдах анхан шатны шалгуур үзүүлэлт Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байна гэх заалтыг хангаагүй Д.Пүрэв-Очир хууль зөрчиж томилогдлоо гэж үзэж ийнхүү тайлбар хүссэн байдаг. Үүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариу тайлбар өгөхдөө "Д.Пүрэв-Очир нь улсад 14 жил ажиллахдаа таван жилд нь төрийн албанд ажилласан" гэж дурдсан нь асуудлыг илүү хурцатгаад байв. Үүнээс хойш гарсан баримтуудад Д.Пүрэв-Очир нь төрийн албанд бус төрийн үйлчилгээний албанд ажилласан нь ил болов. Улмаар төрийн үйлчилгээний албанд ажилласан хүнийг төрийн албанд ажилласанд тооцохгүй хуультайг сануулж Булганы иргэд эсэргүүцсээр маргаан энэ хүрсэн. Албан тушаал авахын тулд хуурамч материал бүрдүүлсэн тухай асуудал ч давхар хөндөгдсөөр байгаа.
Тэгвэл нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байжээ.
Уг асуудлыг Цэц хянаж буй бөгөөд "Хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй учир 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөрт багтаан Иргэний нисэхийн үндэсний төв төрийн өмчит компани төрийн байгууллага мөн эсэх, Д.Пүрэв-Очирыг төрийн албанд ажилласанд тооцох эсэхийг тодруулж нотлох баримтыг ирүүлэх"-ийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгээс албан бичгээр шаардсан байна.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр Төрийн албаны зөвлөл Цэцийн хүсэлт, шаардлагыг хангаагүй бөгөөд Цэцийн уг албан бичиг Төрийн албаны зөвлөл дээр дарагдаж хариу тайлбар яваагүй гэх мэдээлэл байгаа юм. Хэрэв уг мэдээлэл үнэн бол Цэц иргэдийн гомдлыг хангаж асуудлыг хэлэлцэж эхэлнэ гэсэн үг. Хэлэлцээд эхэлбэл Д.Пүрэв-Очир хууль зөрчсөн, хуурамч материал бүрдүүлсэн гэх Булганчуудын гомдол батлагдах магадлал өндөр. Улмаар Д.Пүрэв-Очирын асуудал орон нутгаас хальж тэрээр хууль ёсны дарга мөн эсэхийг тодруулахаас гадна Төрийн албаны зөвлөл энэ хүнийг яагаад өөхшүүлсэн бэ, хэн гэдэг улстөрч нөлөөлсөн бэ, авлига ашиг сонирхлын асуудал бий юу гэх мэт олон асуулт тавигдаж хариултыг нэхэж эхэлнэ. Д.Пүрэв-Очир даргын хоморгонд Л.Цэдэвсүрэн даргын суудал ч ганхаж болзошгүй гэсэн үг.
Эх сурвалж: Medee.mn