m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.04.17 18:06
1088
Өөрсдөдөө зориулан хууль бичүүлж, баялагт эзэн суусан олигархиудыг эвийлэх шалтгаан алга

Жилийн өмнө батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улс Баялгийн сангаа байгуулсан. Энэхүү сан нь дотроо гурван санд  хуваагдаж буй.

Эхнийх нь буюу Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах зорилготой сан. Өнөөдрийн байдлаар тус санд 3.972.7 тэрбум төгрөг бий. 2025 оны эцэс гэхэд 5.8 их наяд төгрөгт хүргэхийг зорьж байгаа юм байна.

Удаах сан болох Хуримтлалын санд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэддээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх зориулалттай сан. Уг санд 2024 оны байдлаар 497.5 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Хуримтлалыг энэ ондоо багтааж, нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьсныг Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Батзандан саяхан хэвлэлээр дамжуулан хэлсэн.

Харин Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өнөөдрийн байдлаар уг санд 244 тэрбум төгрөг байна.

Товчхондоо, нэг нь өнөө цагийн, нөгөө нь ирээдүйн иргэддээ баялгийн өгөөжийг хүртээхэд чиглэсэн бол гурав дахь нь томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болно.

Гэвч Хөгжлийн санд нь ердөө 244 тэрбум төгрөг байгаа нь дэндүү чамлалттай. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлнэ хэмээн зарласан 14 мега төсөл нь  маш өндөр өртөг төсөвтэй бөгөөд дээрх мөнгөөр алийг нь ч санхүүжүүлж дийлэхгүй. Тэгэхээр Засгийн газраас бонд босгох, гаднаас хөнгөлөлттэй зээл авах зэрэг арга хэмжээ авч санхүүжүүлэх дүр зураг харагдаж байгаа.

Цаашид Баялгийн сан, түүний дотор Хөгжлийн санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газар Бүрэн эрхэт төлөөлөгч томилж, стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлцлийг эхлүүлээд байгаа.

Тэгвэл “БЭТ” Ж.Батзандан саяхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө улсаа хөгжүүлэхийн тулд томоохон төслүүдийг урагшлуулах хэрэгтэй байгаа ч төрд мөнгө байхгүй. Гэтэл төрийн нийтийн өмчийг эзэмшиж буй компаниуд асар их мөнгө олж байгаа нь шударга бус хэмээн мэдэгдсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ:

“Ачит ихт” ХХК сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн 2 дугаар овоолгыг ашиглаж, 1.7 их наяд төгрөгийн орлого олсон байна.  Гэтэл Туулын хурдны замыг барихад 1.8 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Нарийнсухайтыг найман жил ашигласан “МАК” ХХК 27 их наядын орлого олсон байна. Энэ хэмжээний мөнгөөр гурван метро барих боломжтой. Харин Тавантолгойн ордод хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Энержи ресурс” ХХК сүүлийн найман жилийн дотор 13 их наядыг олсон. Үүгээр метро, Туулын хурдны замыг барихад хүрнэ. Жаахан мөнгө нэмбэл Богд уулын тунелийг ч  барьж болно гэсэн юм.

Хувийн хэвшлийнхэн ашиг орлоготой сайтай ажиллаж чадвал энэ нь улсдаа ч хэрэгтэй. Гэхдээ бусдын боломжийг булаалгүйгээр, шударгаар өрсөлдөх ёстой. Гэтэл өдгөө уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим компани ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авсан арга зам нь хуудуутай, хууль бус ч байх магадлалтайг болж өнгөрсөн үйл явдлууд харуулж байгаа.

Бүр анхнаасаа сайтар төлөвлөж, өөрсдөдөө зориулж хууль захиалж бичүүлснийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр саяхан өөрийн эзэмшдэг телевизэд ярилцлага өгөхдөө хэлээд авсан. Тодруулбал, 1997 онд УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хайгуулын тусгай зөвшөөрлийг эхэлж хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид олгоно гэдэг заалт оруулсан. Тэгэхээр тухайн үед АМГ-т ажиллаж байсан хүмүүс хаана, ямар лиценз илүү их нөөцтэйг сайн мэдэх учраас хамгийн ашигтай ордуудыг өөрсдөө авчихсан, мөн найз нөхдөдөө өгчихсөн. Хуулиар дамжуулан өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэсэн үг. Жирийн иргэн тэнд байгаа мэдээллийг мэдэхгүй, мэдсэн ч хожимдсон байхыг тооцоолсон байгаа юм. Мэдээлэлд ойр хүмүүс ингэж хуульчилж байгаад баялагт эзэн суусныг тэр эргэн сануулсан. Бид мартамхай, бас уучламхай ард түмэн.

Тэгэхээр баялаг бүтээгчдээ дэмжсэнгүй, хувийн өмчид халдлаа гэх мэт уянгын халилд авталгүй, засгийн эхлүүлсэн ажилд ташуур өгөөд явцгаах сан.