Хаврын тэнгэр аашаа харамгүй үзүүлж, өчигдөрхөн халуун нар төөнөж байсан бол өнөө хүйтэн цас хаялах энүүхэнд. Жил жилийн хавар “гудамжны улс төр” идэвхждэг ч энэ хавар харьцангуй тайван өнгөрч байна. Харин “ордны” улс төрд халуухан өдрүүд үргэлжилсээр.
“Монгол ялна” ТББ Х.Баттулгаас Төгрөг нуурын ордыг нэхэв
Стратегийн ордуудад төр хувь эзэмших хэлцэл хийгдэж буй энэ цаг үед Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэх асуудал сөхөгдсөн. Одоогоос гурван долоо хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухай анх чуулганы танхимд хэлсэн. Дараа нь хэвлэлийн хурал хийхдээ УИХ-ын гишүүн Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ хооронд экс ерөнхийлөгч Өрөг.мн сайтад ярилцлага өгөхдөө “Төгрөг нуур надтай хамааралтайг 100 хувь нотолж чадах юм бол аваарай” гэсэн үгийг Н.Учрал сайдад дайсан. ЗГХЭГ-ын дарга түүнд өгсөн долоо хоногийн хугацаа дуусмагц “Баримт өөрөө ярина. Надад 507 нүүр хөдөлшгүй нотлох баримт байна. Албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Та хэлсэндээ хүрээрэй!” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт "Монгол ялна" ТББ-ын төлөөлөл Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлага хүргүүллээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ашиглаж байсан уриа үгээр хаягласан энэ төрийн бус байгууллагыг уг нь Х.Баттулгыг дэмжигчид байгуулсан байна. Тэрээр хэлэхдээ “Бид 2016 оноос "Монгол ялна" гээд дэмжсэн. Энэ хугацаанд төмөр зам ярилаа. Ковидын үед 20 мянган төгрөгөөр атар талх зарлаа гэхэд бид энэ хүнийг өмөөрч байсан. Аж үйлдвэрийн парк хаана байна гэх үед нь өмөөрсөөр л байсан. Харин сая Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан 507 хуудас баримт гаргаж ирэхээр итгэл үнэмшил буурч байна. Хятад улсыг бидэнд муулаад, цус ярьж, хятадуудыг биднээр үзэн ядуулдаг хүн өөрөө хятадуудтай бизнес ярьж, сая сая доллар олдог. Энэ ариун явдал юм уу? Одоо таныг дэмжих бололцоо алга. Төгрөг нуурын ордоо авах шаардлага хүргүүлж байна" хэмээн мэдэгдсэн. Ийнхүү Монголын хамгийн их "фанат"-уудтай улс төрчөөс дэмжигчид нь "cancel" хийж байгаагаа мэдэгдэж эхэллээ.
Түүний мэдэгдлийг дараах холбоосоор нэвтрэн үзээрэй. https://www.facebook.com/share/p/1BuTXhkC8h/
Шууд дамжуулалт үзэх холбоос:
39 мянган га талбай хамардаг Төгрөг нуурын ордод улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэх буюу гурван тэрбум тонн орчим эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Тийм ч учраас Стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлогдсон 39 ордын 18 дугаарт бичигдсэн байдаг. Ийм том ордыг монголын мэдлээс гаргахдаа УБЕГ-т хуурамч мэдэээл өгч, “бэлэглэлийн журмаар шилжүүлсэн” хэмээн бүртгүүлснийг Н.Учрал сайд мөн мэдэгдсэн.
Нөгөөтэйгүүр Х.Баттулга чухам юунд найдсаныг мэдэхгүй ч “Минийх гэдгийг нотолж чадвал 100 хувь төрд аваарай” хэмээн мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлэх. Уг ордын 20 хувийг эзэмшиж байсан Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн аавынхаа амиа алдсан явдалд Х.Баттулгыг буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл АН-д ҮБХ-ны гишүүн албатай энэ эмэгтэй, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар үеэлүүд гэсэн мэдээллийг албан бус эх сурвалж мөн бичсэн. Тэгэхээр Х.Баттулгад холбогдох Төгрөг нуурын маргаан нь “экс” ерөнхийлөгч үнэхээр улсаасаа хумсалсан хэрэг үү эсвэл үеэлүүдийг MCS турхирсан уу гэсэн асуулт дагуулж байгаа юм.
Агаарын хөлгийн түлшийг 20 жилийн труш зөвхөн ОХУ-аас авах хэлэлцээр хор уу, хожил уу
АБГББХ-оор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн. Агаарын хөлгийн түлшийг дэлхийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлээс хамаарахгүйгээр боломжит доод үнээр тогтвортой авах нь агаарын тээврийн зардлыг бууруулахад хэрэгтэй ч нөгөө талдаа Монголдоо ойрын ирээдүйд ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байж, тэр үйлдвэрийнхээ борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг байнгын хорооны зарим гишүүн илэрхийлж байлаа.
Уг хэлэлцээр хэрэгжих 20 жилийн хугацаа болон маргаан үүссэн тохиолдолд ОХУ дахь олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэх зэрэг зарим заалтыг мөн иргэд эсэргүүцэж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байв.
Гэсэн хэдий ч байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь дэмжсэнээр уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Энэ талаарх mass.mn сайтын нийтлэлийг дараах холбоосоор нэвтэрч уншина уу! https://mass.mn/n/99966#top
Дүрс бичлэг үзэх холбоос:
Ирэх өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүдэд анхааралтай ажиглах болно!
УИХ-д нэр дэвших сонирхолтой аливаа этгээд сонгуулийн жилд
иргэдтэй уулзахыг зөвшөөрч, хуульчиллаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гарагт эхлүүлж, баасан гарагт баталлаа.
Уг хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсан. Тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн юм.
Энэ дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ТББХ-ны дэргэд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан.
Уг төсөлд 41.9 дэх хэсгийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ, ЗГ-ын гишүүд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажлын тайлангаа хэвлэн тараах нэрээр сурталчилгаа хийдэг давуу эрхийг хориглосон. Гэхдээ цахим тайланг зөвшөөрч байгаа. Харин 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчилсөн. “Аливаа этгээд” гэдэгт УИХ, ЗГ-ын гишүүн болон жирийн иргэд ч хамаарна. Гэхдээ нэр дэвшихээр төлөвлөж байгаа “жирийн иргэн”-д иргэдэд тайлан тавих шаардлага тэр бүр гарахгүй болохоор энэ заалт нь эргээд л УИХ, ЗГ-ын гишүүдэд давуу байдал олгож байгаа юм.
Үе үеийн парламент ямарваа хуульд гар хүрэхдээ яаж ийгээд өөрсдөдөө ашигтай, давуу байдал үүсгэдэг жишгийг энэ удаа мөн тойрсонгүй.
Засгийн газрын хуралдаанаас хангайн бүсийг онцгойлон дэмжлээ
Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан ААН-ийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх чиглэлийг холбогдох сайд нарт өглөө.
Мөн Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах, Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх; тус бүсийн аймаг бүрд, 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн аймаг хооронд болон сумдундын авто замын төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг судалж шийдвэрлэх; зарим суманд цэвэр, бохир усны нэгдсэн шугам болон цэвэрлэх байгууламж тавих зэрэг дэд бүтцийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох яам, сайд нарт даалгасан байна.