МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Манай редакци дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хүмүүсийн төр түшилцэхдээ туулсан зам мөрийг хар, цагаантай нь хослуулан та бүхэнд хүргэж буй. Өмнөх нийтлэлийг https://mass.mn/n/101024#top холбоосоор нэвтрэн уншина уу.
Эрх баригч намын УЗ өнөө өглөө /2025.06.09/ дахин хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг 100 хувь дэмжсэн. Өнөөдөр 11 цагт эхэлсэн, одоо хүртэл үргэлжилж байгаа Бага хурлын үеэр заалнаас Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлээд буй. Тэгвэл энэ хүн хууль тогтоох байгууллагад ажиллаад ямар жим үүсгэн урагшилж байгааг хамтдаа шинжицгээе.
Тэрээр УИХ-д 2016 оноос хойш гурав дахь удаагаа улиран сонгогдсон нэгэн. Өмнөх парламентад Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Наяад оны төлөөлөл. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү гэдэг утгаараа "угсаа залгамжилсан ханхүү" нарын хүрээнд ордог.
УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол хууль санаачлан боловсруулах, батлах, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих юм. Амьдрал баян болохоор жилээс жилд, сараас сард нийгмийн бүхий л салбарт шинэ шинэ харилцаа бий болж, тэдгээрийг хуулиар зохицуулах шаардлага гарч ирсээр байдаг. Гэвч дөрвөн жил парламентын танхимд “суудал бөглөж” суучихаад нэг ч хуулийн төсөл санаачилдаггүй, хааяа хэн нэг гишүүний санаачилсан хуульд нэрээ хавчуулж, тойрогтоо очихоороо хүний “хийсэн” хуулийг өмнөө барьж ярьдаг гишүүд өнгөрсөн парламентуудад олон байсан. Өнөөдөр ч бий.
Малчдад ээлтэй хууль тогтоогч
Г.Тэмүүлэнгийн тухайд хууль санаачлах үндсэн үүргээ огоорчихоогүй нэгэн.
Тэрээр өнгөрөгч парламентад байхдаа нэр бүхий 16 гишүүний хамтаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэг удаагийн хуулийн төслийг санаачилж батлуулсан. Монголын өв соёлын томоохон хэсгийг тээж яваа, газар нутгаа эзэнтэй байлгаж, тусгаар тогтнолоо хамгаалж яваа малчдын нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг төрөөс хангах ёстой хэмээн тайлбарлаж байв. Тухайн үед улсын хэмжээнд 298 мянган малчин бүртгэлтэй байснаас 80 хувь нь НДШ төлдөггүй, тэтгэвэрт гарах ч бололцоогүй байсан нь дээрх хуулийг хэрэгжүүлэх шаардлага байсныг харуулдаг.
Үүнтэй адил нэг удаагийн хууль 2021 онд батлагдаж байсан бөгөөд уг хууль үйлчлэх хугацаанд 20 мянган малчин, 15 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Дийлэнх нь хамрагдаж чадаагүйн шалтгаан нь шимтгэл төлөх эх үүсвэр үзсэн Г.Тэмүүлэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг мөн санаачилж батлуулсан байдаг.
Энэ мэтчилэн нийт 21 хууль санаачилснаас 13 нь батлагдсан байна. Зарим хуулийн төсөл нь хэлэлцэж амжилгүй дараагийн сонгуультай золгожээ. Мөн долоон хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байжээ.
“Экс” гишүүдийг эрхлүүлэгч
Түүний санаачилсан хууль бүрд алга таших уу гэвэл бас үгүй.
Г.Тэмүүлэн нь өмнөх парламентын үед тухайн үед УИХ-ын дэд дарга байсан Л.Мөнхбаатар, ТББХ-ны дарга байсан Н.Энхболд нарын хамтаар “экс” гишүүдэд тэтгэмж олгох хуулийн төслийг санаачлан батлуулж байсан. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41.9-т “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэж заасан байдаг.
“Экс” гишүүдийг эрхлүүлсэн энэ заалтыг хуульд шургуулсан хэмээн Г.Тэмүүлэн нар хэсэгтээ чичлүүлээд авсан. Дахин нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй, авсан ч сонгогдож чадаагүй “экс” гишүүдэд 48 сая төгрөгтэй дүйцэх хэмжээтэй тэтгэмж олгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Бусад иргэд ажлаасаа халагдсан бол гурав хүртэл сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авдаг байхад олон түмнийхээ итгэлийг хүлээж чадаагүй хүмүүс яахаараа бүтэн жилийн цалин сул авдаг юм бэ гэдэг асуудал өнгөрөгч өвөл анх дэгдсэнээр эл асуудал нийгмийн анхаарлын төвд орж ирсэн юм.
Гэхдээ энэ заалтыг Г.Тэмүүлэн нар хуульд шинээр оруулж ирсэн ч юм биш. 1992 онд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тавих, боломжгүй тохиолдолд өмнөх ажилтай дүйцэхүйц албан тушаалд тавина” гэдэг заалт байсныг 1997 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хасаад, “дахин сонгогдоогүй бол өмнөх ажиллаж байсан албан тушаалд томилох, боломжгүй тохиолдолд 6 хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмж олгох” өөрчилсөн бол 2006 оноос нэг удаад 12 сар хүртэлх тэтгэмж олгоно гэж өөрчилсөн. 2020 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалтыг мөн хэвээр үргэлжүүлсэн бол 2024 онд шинэчлэн найруулахдаа сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж нэмсэн байдаг. Тэгэхээр Г.Тэмүүлэн шинээр оруулчихсан юм биш, харин өмнөх заалтыг хэвээр үлдээсэн “гэм”-тэй. Хүсвэл уг заалтыг хасаж болох л байсан.
Эцэст нь дүгнэхэд, Г.Тэмүүлэн хэдий нас залуу ч хууль тогтоох салбарт туршлагажсан нэгэн. Харин гүйцэтгэх засаглалыг ах нараасаа хамааралгүйгээр удирдаж явах хэмжээний бяр суусан уу гэвэл эргэлзээтэй. Дээр нь Бага хурал дотроо олонхын санал авч чадах нь юу л бол...