/НЭГДҮГЭЭР ХЭСЭГ/ АЛТНААС ҮНЭТЭЙ АВДАР ГЭЖ БИЙ
/ХОЁРДУГААР ХЭСЭГ/ ЭВДЭРСЭН АВДРЫГ ЭВДЭЛСЭН ХҮН НЬ ХАРИУЦЪЯ
/ГУРАВДУГААР ХЭСЭГ/
Онолын хувьд хүний үндсэн эрхийг шүүхийн албадлагаар сэргээх боломжтой негатив эрх, төрийн зүгээс тухайн эрхийг эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар хэрэгжилтийг хангах позитив эрх гэж хоёр ангилдаг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь негатив болон позитив эрхийн аль альнийх нь шинжийг агуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах явдал нь негатив эрхийн шинжийг илэрхийлж байгаа бол эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь төрийн оролцоотойгоор хэрэгжих позитив эрхийн шинжийг хадгалж байна. Ингэхээр дээрх эрхийн хэрэгжилтийг хангахад олон талын оролцоо чухал гэдэг нь ойлгогдоно.
ТӨРИЙН ОРОЛЦОО:
Иргэн “.... байгалийн тэнцэл алдагдахаас “ХАМГААЛУУЛАХ” эрхтэй” гэж бусдаар үйлдүүлэх нөхцөлтэй бичжээ. Энэ хамгаалах үүргийг төр биелүүлэх ёстой. Учир нь Монгол Улсын Үндсэн Хуульд “Төрөөс ..., хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тогтоосон байдаг.
Уг нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурав хуваарилдаг. Гэвч иргэд төр гэхээр зөвхөн хууль тогтоох эрх мэдэлтэй 76 гишүүнийг гэж эндүүрч, тэдэнд л хариуцлага тооцохыг шаардаж байна. Мэдээж хууль тогтоогчид эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар үүргээ биелүүлэх ёстой. Гэвч гүйцэтгэх, шүүх эрх мэдэлтнүүдийг орхиж болохгүй. Цаасан дээр буусан хуулийг амьдралд хэрэгжүүлж байгаа гол бүтэц нь гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар юм. Харин Шүүх эрх мэдэл нөгөө хоёртоо шахалт үзүүлж, үүргээ биелүүлэхэд нь нөлөөлж байх ёстой. Мөн үндсэн эрхийн зөрчлийг харьяалан шийдвэрлэнэ.
Энэ гурван эрх мэдэл нэгнээсээ хараат бус, уялдаа холбоотой ажиллаж байж бидний эрх бүрэн хэрэгжинэ.
Төрийн гурван эрх мэдэл 100 хувь уялдаатай ажилладаггүй, иргэд нь ганцхан эрх мэдлээс хариуцлага нэхдэгийг л бид засах ёстой.
Энэ хэзээ ч дуусдаггүй гинжин хэлхээг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өөрчилж магадгүй. Тус хөдөлгөөний хүрээнд хийж байгаа ажил бүрд Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнүүдийн оролцоо харагддаг. Харин цаашид шүүх эрх мэдэлтнүүдийн оролцоог идэвхжүүлэх шаардлагатай байна.
Дээрхээс гадна сар гаруйн өмнө БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ томилогдсон нь “тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл эрчимжихэд нөлөөлсөн. Энэ тухай өмнөх хоёр нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн тул алгасах нь зөв байх.
Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх энгийн бөгөөд хүчтэй арга бол мод тарих гэдэг. Иймд “тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол удаан хугацааны дараа бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангаж буй томоохон ажил юм.
ИРГЭДИЙН ОРОЛЦОО:
Төр бидний эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ хамгаалах ёстой эрхийг зөрчиж байгаа хүмүүс нь бид өөрсдөө юм. Бид дулаан өвөлжихийн тулд нүүрс түлж агаар бохирдуулдаг, шуналаасаа болж ой мод, ан амьтдыг сүйтгэдэг, залхуурлаас болж хөрс бохирдуулдаг. Төр бидний эрхийг хамгаалахгүй байна гэж амаараа шүүмжилдэг хирнээ битгий хамгаал гэж үйлдлээрээ санал болгодог. Зүйрлэвэл өөрөө гүйж яваад бүдэрч унасан хирнээ намайг хөтөлж явсангүй гэж ээждээ гомдож байгаа хүүхэд шиг биш гэж үү.
Тиймээс цаашид төрөөс үүргээ биелүүлэхийг шаардаж, өөрсдөө ч хариуцлагатай болцгооё!!!
Төр, иргэн гэж бие биедээ бурууг өгөлгүй дор бүрнээ хичээж, хамтдаа ногоон ирээдүйг бүтээе.
ЗУРАГ: Ш.ГАНЗОРИГ "ХОГОН ДУНДАХ БИДНИЙ ИРЭЭДҮЙ" БҮТЭЭЛ
СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА