Хаврын дунд сарын эхний долоо хоног улс орон даяар өрнөсөн үйл явдлуудаас цөөн хэдэн сэдвийг сонгож, тоймлон хүргэе.
Жилийн дотор 500 сая ам.доллар гадагш урсгасан цахим казиног хориглох асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэллээ
УИХ энэ долоо хоногт арваад хуулийн төсөл хэлэлцсэний нэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд байв.
Уг төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн нэг 1.5 дугаар зүйлд “Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нэмэхээр тусгасан байгаа юм.
Монгол Улсад Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай 1999 онд баталсан ганцхан зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнчлэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг хориглосон. Гэвч эдгээр хуулийг батлах үед цахим мөрийтэй тоглоом манайд нэвтрээгүй байсан тул зохицуулалтгүй орхигдсон байдаг.
Дэлхий даяар хэрэн бүрхсэн цахим мөрийтэй тоглоомын сүлжээ манай улсыг ч мөн тойрсонгүй. ХХЗХ-оос 2022-2024 онд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаяг руу Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сүүлийн 3 жилийн хугацаанд 350-450 орчим сайт хууль бус мөрийтэй тоглоом байнга, идэвхтэй зохион байгуулж байгаа аж.
Хууль бус цахим казино манайд нэвтрэн орж ирснээр сүүлийн нэг жилийн дотор гэхэд л 500 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөг гадагшаа урссан байна. Энэ бол монголын 1,4 сая хүүхдэд бүтэн жилийн турш өгдөг “хүүхдийн мөнгө”-тэй дүйцэх хэмжээний их мөнгө гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.
Олон оронд бооцоот тоглоом явуулдаг 1XBET сайт нь манайхаас тусгай зөвшөөрөл аваагүй хэрнээ 110 гаруй агентаар дамжуулан монголчуудыг татан оролцуулдаг, эдгээр агент нь 1XBET-тэй гэрээ байгуулан мөрийтэй тоглогчдын бооцоо, мөрийнд алдсан мөнгөнөөс 2-5 хувийн шимтгэл авдаг, мөнгөн шилжүүлгийн үйлчилгээгээ пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болсон.
Ийнхүү маш олон гэр бүл орох орон, унах унаа, эд хөрөнгөө алдаж, сэтгэл зүйдээ гэмтэл авч, гэр бүл салах зэрэг ноцтой сөрөг үр дагаварууд гарч байгаа энэ цаг үед цахим казиног хориглох хууль оруулж ирсэн нь цагаа олсон хэрэг байлаа.
1XBET нь манай улс руу зар сурталчилгаанд 980 мянга орчим ам.доллар шилжүүлсэн байгаа юм. Иймд Зар сурталчилгааны тухай хуульд мөн төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулахаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үед зарим гишүүн бооцоот тоглоом, и-спорт зэргийг төлбөрт таавартай хамтатган хориглох нь буруу гэсэн гэсэн байр суурь илэрхийлж байв. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хэрэв бооцоот тоглоомыг хуулиар зөвшөөрөх юм бол энэ нэрээр халхавчлан ард нь төлбөрт тоглоом явагдана. Тиймээс эхний ээлжинд бүгдийг хориглох хэрэгтэй” гэсэн бол ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “2023 онд хийсэн донтолтын зан үйлийн талаарх судалгааны цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох юм бол хүмүүст ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэсэн асуултад 60 хувь нь эерэг нөлөө үзүүлсэн гэсэн бол 40 орчим хувь нь хууль бус хувилбарыг хайсан гэсэн байна. Тэгэхээр бүрэн хориглосон тохиолдолд 60 орчим хувийн эерэг үр дүн, 40 орчим хувийн эрсдэл байна. Одоогоор үүнээс илүү хувилбар алга гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Зөвшөөрлийн тухай хуульд ямар нэг зүйлийг хориглох тухай оруулах нь буруу. Учир нь энэ хуулиар зөвхөн хуулиар хориглоогүй үйл ажиллагаануудад тусгай Зөвшөөрөл олгох харилцааг зохицуулдаг” гэдгийг сануулсан юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх”-ийг зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ заалтыг хасаад, дээрх хориглосон заалтыг нэмэх үү эсвэл анхдагч хууль шинээр боловсруулан дахин оруулж ирэх үү гэдэг асуудал маргаантай хэвээр үлдлээ.
Ямартай ч онлайн орчин дахь бүх хэлбэрийн мөрийтэй тоглоом, төлбөрт тааврыг хориглох хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!
https://www.facebook.com/share/v/1CFfMm5doi/
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ дээр хөндөгдсөн дараагийн нэг анхаарал татсан асуудал нь ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах. Иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ыг нэг хувь болгох өргөдөл D-Parliament.mn сайтад гаргасан бөгөөд 10 хоногийн дотор 100,201 хүний гарын үсэг цуглуулж чадсан. Энэ талаарх нийтлэлийг https://mass.mn/n/99666#top холбоосоор орж уншина уу.
Энэ долоо хоногийн баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн.
Р.Шинэгэрэлээс гадна УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 10 биш нэг хувийн татвар төлдөг болох хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлж, оронд нь импортын гаалийн татварыг нэмж, 10-20 хувь болгох саналтай байгаагаа илэрхийлж байсан. Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник саяхан “CBS News”-т ярилцлага өгөхдөө “Жилд 150,000 доллараас доош орлоготой хүмүүсийг татвараас чөлөөлөх Трампын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө би ажиллаж байна." гэж мэдэгдсэн нь Трамп амласнаа мартаагүй яваагийн илэрхийлэл болов уу.
Мөнгөө төлсөн эзэн хөгжмөө захиалав уу
Үндэсний аудитын газрын сайтад мэдээлснээр, 2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн нам, эвслүүдэд 126 хуулийн этгээдээс 3 тэрбум 298.3 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Энэ дүнд хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн мөнгөн хандив өгсөн ААН-үүдийг оруулсан байгаа юм. Гэхдээ ихэвчлэн 30 сая төгрөг буюу хуулиар зөвшөөрсөн дээд хязгаарт тулсан дүнтэй байна.
Тухайлбал, МАН-д 50 компани 1.5 тэрбум, АН-д хоёр компани 60 сая, ХҮН намд 37 компани нэг тэрбум 95 сая, Үндэсний эвсэлд 28 компани 505 сая, ИХ намд долоон компани 128,3 сая төгрөг тус тус хандивласан байна. Хамгийн өндөр дүнтэй хандивыг “MCS” групп болон түүний хараат, охин компаниуд ХҮН болон МАН-д өгчээ. Тодруулбал, ХҮН-д нэг тэрбум 45 сая төгрөг, МАН-д 300 сая төгрөг тус тус өгсөн байна. Эндээс “MCS” групп Хүн намыг илүүтэй тойглож, ашиг сонирхлоо хамгаалуулах сонголт хийсэн нь харагдаж байгаа юм. Эдгээр групп, намын хоорондох өгөө, авааны асуудал энэ долоо хоногт сөхөгдсөн бөгөөд Хүн намын дарга Т.Доржханд ч хүлээн зөвшөөрсөн.
Шууд дамжуулалт үзэх холбоос: https://www.facebook.com/share/v/16PgA6wDuJ/
Тэрбээр стратегийн ордууд дах эзэмшлийн хувь хэмжээ хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед “Стратегийн орд гэх ойлголт дэлхийд байдаггүй” хэмээн мэдэгдсэн нь томоохон хандивлагчийнхаа эрх ашгийг хамгаалах, эзэндээ үнэнч гэдгээ илэрхийлэх гэсэн мэт. Энэ талаарх нийтлэлийг дараах холбоос-оор уншина уу!
Экс ерөнхийлөгч Төгрөг нуурын ордыг зарсан уу
Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан нэг “халуун” сэдэв бол Төгрөг нуурын ордыг Ерөнхийлөгч асан Х.Батттулга гадныханд 250 сая ам.доллараар зарсан гэх ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдэгдэл. Тэрээр экс Ерөнхийлөгчид асуудлаа шийдэх долоо хоног өгсөн.
Одоогоор Х.Баттулга энэ талаар хариу мэдэгдэл хийгээгүй байна. Харин түүний хамтран зүтгэгч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Х.Баттулга гишүүнийг 15 жил гүтгэж байгаа, энэ бол 16 дахь жилийн л үйл явц гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон MCS талыг баримтлагчид энэ сэдэв дээр дөрөөлж, стратегийн ордод оруулах боломжтой бүх ордын асуудлыг адилхан авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн ар араасаа дуугарсан. Ямартай ч эргэлзээ дагуулсан энэ асуудал дээр төрийн тэргүүн асны тайлбарыг олон нийт хүлээж буй.
Ийнхүү нэг талд MCS тэргүүтэн, нөгөө талд Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нарын хоршил хоорондын тэмцэл улс төрд нэлээд доргио үүсгэх болов уу гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тэдний тэмцэл Засгийн газрыг ч унагааж мэднэ гэсэн “бор шувуу нисэх” болсон ч Үндсэн хуулийн шинэчлэл болон хамтарсан танхим, пропорциональ болон можаритор тогтолцооны хослол гэсэн гурван давхар хамгаалалттай танхим тийм ч амар ганхахгүй болов уу.
Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв
Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газар ээлжит хуралдаанаараа 25 асуудал хэлэлцсэн.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд сүүлийн олголтыг энэ сард хийхээ зарласан. Энэ нь ХХОАТ хассан дүнгээр 93,500 төгрөг болно. 2024 оны ногдол ашгаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт 308 тэрбум төгрөг олгохоор хуваарилагдаж байгаа юм.
2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь боловсролын салбарт реформ хийхээр зорьж буй П.Наранбаяр сайдын багийн үйл ажиллагаанд нэлээд дэмжлэг болох болов уу гэсэн хүлээлт үүсгэж байна.
Энэ сарын 01-ний өдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрснийг Сангийн сайд мэдэгдсэн.
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар олон жил ярьж ирсэн ч олигтой урагшлахгүй байсан. Ямартай ч хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутаг дамжин, газар доогуур тавигдах энэхүү хоолойн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гурав дугаар улиралд багтаан гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.